"Дижитал дэлхий-2020"-д оролцоход цахим сургалтад хамрагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, засгийн бүхий л үйлчилгээ цахимд шилжиж буй энэ үед Монголын цахим бизнес эрхлэгчид болон технологи, инновацын чиглэлээр ажиллаж буй ЖДҮ эрхлэгч нар олон улсын түвшинд өрсөлдөх боломж олдож байна.
Тодруулбал, олон улсын “ITU Digital World SME Virtual Awards 2020” цахим уралдаанд Монголын бизнес эрхлэгчид, ЖДҮ оролцох боломжтой талаар МҮХАҮТ-аас мэдээлэв. Уралдааныг Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зарлажээ. Уралдаанд дэлхийн аль ч улсын технологи, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дараах дөрвөн чиглэлээр оролцох боломжтой аж. Үүнд:
- Уялдаа холбоо,
- Ухаалаг хот, ухаалаг ахуй,
- Цахим эрүүл мэнд,
- Дижитал санхүү
Уралдаанд оролцох хүсэлтэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид цахим сургалтад хамрагдах аж. Улмаар шалгуур хангаж, уралдаанд оролцох эрх авсан оролцогчид хөрөнгө оруулагчид, технологийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд төсөл, бүтээлээ цахимаар танилцуулах юм.
Ялагчид НҮБ-ын батламж, уралдаанд оролцсон үнэмлэх, 2021 онд Вьетнамын нийслэлд Ханойд болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагын “Дижитал дэлхий-2021” үйл ажиллагаанд оролцох эрхээр шагнуулахаас гадна цахим орчинд танигдаж, шинэ зах зээл нээх, санхүүжилт эрэлхийлэх боломжоо нэмэгдүүлэх зэрэг давуу талтай талаар мэдээллээ.