Малчдад бэлчээрийн талаар мэдээлж байхыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-22 14:56:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС), Аймаг дундын Отрын бэлчээр ашиглалтын захиргаа, “Халх гол” бүсийн захиргаа, ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв зэрэг яамны харьяа байгууллагын ажилтай танилцлаа.

ХААДС-д болсон уулзалт дээр тэрээр энэ онд тариалан эрхлэгч иргэд болон ААН-үүдэд олгосон санхүүгийн дэмжлэгийн талаар тайлан мэдээ сонслоо. Тус сан нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч давхардсан тоогоор 1427 иргэн, ААН-тэй хамтран ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тус сангийн санхүүжилт, үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстойг санууллаа. Тэрээр, "Засгийн газраас тавьж буй ХАА-н үйлдвэрлэлийг сайжруулах зорилтыг хангаж ажиллах нь чухал. Сангаас үзүүлж буй дэмжлэг үр дүнтэй, бодитой ажил хэрэг болж буйг хянаж үнэлэлт дүгнэлт өгч ажиллах учиртай"-г онцоллоо.


ХАА-г дэмжих сангийн санхүүжилт, үйл ажиллагаа ил тод нээлттэй байх ёстой



Салбарын сайдын очсон Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа Бэлчээр ашиглалтын мэдээллийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж буйг танилцууллаа. Одоогийн байдлаар мэдээллийн санд шаардлагатай худаг, өвөлжөө, бууцны мэдээллийг нэгтгэжээ. Бэлчээрийн багтаамж, зөв зохистой ашиглалтын талаар малчдыг мэдээллээр хангаж, харилцан ойлголцолд хүрч хамтран ажиллах нь бэлчээр ашиглалт болон малын тоо толгойг зохистой түвшинд барихад чухал ач холбогдолтойг З.Мэндсайхан сайд хэлэв. Орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын салбар хоорондын уялдаа холбоог хангахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Связанные новости