"Сорилтыг хамтын хүчээр" цахим уулзалтаар 230 гаруй бизнес эрхлэгч зөвлөгөө авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-02 12:41:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХААН банк бизнес эрхлэгч харилцагч нартаа зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна менежментийн зөвлөгөө өгч сургалт явуулж байна. Тус банкнаас дээрх чиглэлээр Европын Сэргээн босголт, хөгжлийн банк болон Монголын Менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ)-тэй хамтран "Сорилтыг хамтын хүчээр" сэдэвт “Business to Business” цахим хэлэлцүүлгийг өчигдөр өөрийн байрандаа зохион байгууллаа. "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэй хямралын үед бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, бизнесээ зөв менежментээр авч явахад нь туслах, эрсдэлийг даван туулах гарц санал болгох, зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулах зорилготой уг хэлэлцүүлэг уулзалтын талаар ХААН банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих  төвийн захирал Т.Хулангаас тодруулав. 

-Танай төв харилцагч нартаа санхүүгийн бус, зөвлөх үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?

-Манай банк харилцагч нартаа зээлийн бүтээгдэхүүнийг олгох санхүүгийн үйлчилгээг аймаг, орон нутаг хамарсан 550 гаруй салбар нэгжээр дамжуулан хүргэхээс гадна мөн бизнес эрхлэгч, харилцагч нарынхаа бизнесийн үйл ажиллагааг илүү хөгжүүлж сургаж, чадавхижуулах үүднээс санхүүгийн бус үйлчилгээг давхар  үзүүлдэг. Манай банкны ЖДҮ бизнес эрхлэгчдийг дэмжих төв энэ санхүүгийн бус зөвлөх сургах үйл ажиллагааг эрхэлж байна. Энэ бүхэн харилцагч нараа цогцоор дэмжих зорилготой системтэй үйл ажиллагаа юм.

-Зөвлөх үйлчилгээнд хичнээн харилцагч хамрагдаад байна вэ?

-Өнгөрсөн 2019 онд бид нийтдээ 1200 гаруй харилцагч нарыг хамруулан сургалт зөвлөгөө өгч, зөвлөх болон эдгээр харилцагчдын бизнесийг дэмжсэн холбох үйлчилгээ үзүүлээд байна. 

-Өнөөдрийн цахим уулзалтын онцлог юу вэ? Бизнес эрхлэгч нарт "COVID-19"-ийн цар тахлын хямралыг даван туулах талаар юу гэж зөвлөж байна вэ?

-Өнөөдрийн цахим уулзалт мөн харилцагч нарынхаа бизнесийг дэмжин холбож буй үйл ажиллагааны нэг болж байна. Тодруулбал, менежментийн зөвлөх үйлчилгээний талаар харилцагч нартаа илүү ойлголт өгөх, мэргэшсэн, мэргэжлийн, хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай холбож өгөх, цаашлаад зөвлөх үйлчилгээний төлбөрийг Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны, Европын холбооны санхүүжилтээр олгох тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад чиглэж байна. 


Энэ удаагийн уулзалтын онцлог нь орон нутгийн 230 гаруй ААН-ийн харилцагч нар онлайнаар илүү өргөн хүрээнд хамрагдан оролцож байна. Бид өнгөрсөн хавар нийслэл хотын бизнес эрхлэгч харилцагч нараа ийм уулзалтад хамруулсан. Өнөөдрийн уулзалт нь "COVID-19"-ийн цар тахлаас үүдэлтэй хямралын үед харилцагч бизнес эрхлэгч нар бизнесээ хэрхэн яаж илүү оновчтой удирдаж төлөвлөн, даван туулахад чиглэж энэ талын зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс манай харилцагч нарт онлайнаар өгч байна гэв. 


ХААН банкнаас зохион байгуулсан "Сорилтыг хамтын хүчээр" бизнес цахим уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцо Христеа оролцсон юм. Тэрээр, Монголын ЖДҮ бизнес эрхлэгч нар өсөн дэвшихэд тэдэнд хэрэгцээт зөвлөгөөг өгөх нь илүү чухал байгааг онцолж, Монголын бизнес эрхлэгчдэд үзүүлж буй бизнесийн зөвлөх үйлчилгээг Европын холбооноос санхүүжүүлж буйг тодотголоо. Энэ талаар бид мөн цахим уулзалтад оролцсон Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны "Монгол дахь Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөр"-ийн тэргүүлэх менежер С.Байгалмаагаас тодрууллаа. 

Тэрээр хэлэхдээ, "ЕСБХБ хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ихэвчлэн хувийн хэвшлийн компани, ААН-үүдэд үзүүлж байна. Одоогийн байдлаар 100 гаруй компанид 1.7 тэрбум еврогийн зээл олгоод байна. Үүний 99 хувь нь хувийн хэвшил, 40 хувь нь ЖДҮ эрхлэгчид юм" гэдгийг онцолж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа маань Монгол Улсад ажиллаж байгаа бүх жижиг дунд бизнесийнхэнд нээлттэй. Энд хэн ч хамрагдах боломжтой гэдгийг илэрхийлсэн юм. 

Тус банк үзүүлж буй зөвлөх үйлчилгээгээ Монголын дотоодын мэргэжлийн зөвлөхүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. "Бизнес эрхлэгч нар бизнесийн үр ашгаа сайжруулах хэрэгцээт зөвлөгөө авахад зардлын 50-65 хувийг манайх гарган хариуцдаг. Энэ бол сайн санааны үүднээс хэрэгждэг төсөл. Үүнийг Европын холбооноос санхүүжүүлдэг. Өнөөдрийн үйл ажиллагаа ч үүний нэг юм. Яг зөвлөх үйлчилгээн дээр бид 2001 оноос хойш 800 гаруй ААН-ийг хамруулаад байна" гэв. 

Зөвлөх үйлчилгээ нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан "COVID-19"-ийн цар тахлын үед ААН, компаниуд наад зах нь стратегиа өөрчлөхөөс өөр аргагүй болж буйг өчигдрийн цахим уулзалтын үеэр хөндөж байв. Стратегиа  өөрчлөхөөс гадна  "COVID-19"-ийн нөхцөл байдлаас үүдэлтэй тулгарч буй сорилтыг даван туулах, мөн боломж болгон ашиглах талыг мэргэжилтнүүд зөвлөж байв. 


Тодруулбал, "Содура консалтинг" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл "Хямралын үеийн стратегийн менежмент" сэдвээр, "Лонг Терм партнерс" ХХК-ийн захирал Д.Баярсайхан "Хямралын үеийн боломжууд", "Брэндорте" маркетингийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнгөнсар "Хорио ба хожил-маркетинг" сэдвээр тус тус илтгэл тавьж ХААН банкны харилцагч, бизнес эрхлэгч нарт цахимаар зөвлөлөө. 


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Связанные новости