ОХУ коронавирусний халдварын тохиолдлын тоогоор гуравдугаарт орлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
МОСКВА. /BBC/. Өнгөрсөн 24 цагийн байдлаар ОХУ-д коронавирусний халдварын 11656 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 221344 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Ингэснээр ОХУ коронавирусний халдварын тохиолдлын тоогоор Их Британи, Итали улсуудыг гүйцэж, гуравдугаарт орж буй юм.
Халдварын шинэ тохиолдол ОХУ-ын 84 бүс нутагт илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 6169 нь Москва хотод бүртгэгдсэн бөгөөд Оросын нийслэл хотод нийт 115909 хүн “Covid-19”-өөр өвчилжээ. Түүнчлэн халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт орж байгаа Москва мужид 1079 шинэ тохиолдол илэрсэн бол Санкт-Петербургт 307 хүн шинээр халдвар авсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 94 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 2009-д хүрсэн байна. Харин 5495 өвчтөн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 39801 болжээ.
Одоогийн байдлаар ОХУ-д 5.6 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна.