Б.Шаравсамбуу: Худалдааны яам, Худалдааны хууль үгүйлэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс Худалдааны хуульгүй, төр, засгийн бүтцэд бие даасан Худалдааны яамгүй байгаагаас энэ салбарын бодлого алдагдаад буйг худалдааны ахмад зүтгэлтнүүд хэлж байна.
Тодруулбал, Худалдаа бэлтгэлийн сайд, Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, доктор, Гавьяат эдийн засагч Б.Шаравсамбуу, Худалдаа, бэлтгэлийн орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Н.Бэгз, Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа, бэлтгэлийн яамны дэд сайд асан Ц.Ёндон, Гадаад худалдааны яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэн зэрэг ахмадууд өнөөдөр дээрх асуудлыг хөндөн МҮХАҮТ-д сэтгүүлчидтэй уулзав.
Тэд юуны өмнө Монгол Улсад Худалдааны яам байгуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад санал хүргүүлж буйгаа илэрхийллээ. Мөн УИХ-ын сонгуульд оролцох намуудад гардуулсан байна. Намуудын төлөөлөл таатай хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлжээ. Зарим нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж буйг дуулгажээ.
Худалдаа бэлтгэлийн сайд асан, Гавьяат эдийн засагч Б.Шаравсамбуу, "Улс орны гадаад, дотоод худалдаа нь үнэ тарифын зохицуулалтаас эхлээд нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрлэл хөгжих, үндэсний баялгийг тэгш хуваарилах, экспорт, импорт зэрэг эдийн засаг, нийгмийн олон зүйлийг хөнддөг, олон хамаарал бүхий чухал салбар. Гэтэл манайд худалдааны салбарын нэгдсэн бодлогогүй, мэргэшсэн яамгүй, дотоод худалдаа нь ХХААХҮЯ-нд, гадаад худалдаа ГХЯ-нд, салангад, нэг газар, хэлтсийн мэдэлд хавсарга байдлаар нэгдсэн бодлогогүй, түр зуурын зохицуулалттай, арга ядсан байдалтай байна" хэмээн шүүмжилж байв.
Ганц жишээ хэлэхэд, аялал жуулчлал, гадаадад эмчлүүлэх, суралцах ба гадаадын мэргэжилтэн авчирч ажиллуулах зэргээр өнгөрсөн жилд л гэхэд манай улс 2 тэрбум ам.доллар алдсан нь энэ салбар зохицуулалтгүй, худалдааны яамгүй, бодлогогүй, хууль эрх зүйгүй явж байгаагийн уршиг хэмээн тайлбарлаж байв. Гэтэл бусад улс орнуудад худалдааны салбар үйлчилгээний гадаад худалдаагаар төрөлжин эрчимтэй хөгжиж байна гэв.
Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа, бэлтгэлийн чамны дэд сайд асан Ц.Ёндон, "Манай улсад 1958 онд Худалдааны яам байгуулж улс орны хөгжлийн их бүтээн байгуулалтыг авч явж байсан. Өнөөдөр яам ч үгүй, хууль ч үгүй байгаа тул нэгдсэн бодлого, зохицуулалтгүй, бодлогогүй учир энэ салбарт худалдааны стандарт яриад ч нэмэргүй байдалтай, боловсон хүчингүй, хөгжихгүй байна. Үүнийг өнөөдөр нүүрс, ноолуур, арьс шир зэрэг олон зүйл дээр харж болно" гэв. Худалдаа, бэлтгэлийн орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Н.Бэгз, "Экспортын нэгдсэн бодлого байхгүйгээс бид олон зүйл алдаж байна. МАА-н бүтээгдэхүүн, ялангуяа махан бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад экспортын үнийн болон зохион байгуулалтын нэгдсэн бодлого байхгүй. Үүнээс болж экспортоор амьд мал гаргах, махан бүтээгдэхүүн гаргах нь хоорондоо өрсөлдөх журмаар явагдаж байна.
МАА-н бүтээгдэхүүний бэлтгэлийн систем байхгүйгээс бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргах нь алдагдлаа. МАА-н түүхий эд, бүтээгдэхүүн үнэгүйдэж, хог дээр гарч байна. Ийм их нөөц бололцоог алдаж байгаа нь бодлогогүй, төрийн зохицуулалт байхгүйн шинж. Бид малын бүтээгдэхүүнээ бүгдийг нь боловсруулаад бүтээгдэхүүн болгоод, эсвэл хагас боловсруулаад экспортод гаргавал маш их хэмжээний мөнгө олох боломж байна" гэлээ. Гадаад худалдааны яамны орлогч сайд асан, Худалдааны гавьяат ажилтан Б.Дэлгэрсүрэн, "Худалдааны хуулийн талаар одоо яригдаж байгаа юм биш. Бид олон жилийн өмнө төсөл бэлэн болгосон. Сонгуулиар гарч ирсэн нам засаг болгон санал авдаг. Гэвч хэдийнэ бэлэн болсон хуулийн төслийг сонгуулийн дараа мартдаг. Хаа очиж дарагддагийг бүү мэд" гэж байв.
Тиймээс Засгийн газраас боловсруулсан Гадаад худалдааны хуулиа УИХ-аар яаралтай батлуулан гаргах, ингэхдээ төр, засгийн түшээд, шийдвэр гаргагсад улс орны эрх ашиг, хөгжлийн бодлогоо энэ түрүүнд бодон эрхзүйн нэгдсэн үзэл баримтлал, концепцийн нэгдсэн ойлголтод хүрэхийг уриаллаа.
Б.Болд