“Урт цагаан” үйлчилгээний төвийн төсөл боловсруулах уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-04-20 16:49:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гаргажээ.


Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

 

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны бүтээлийг 5 дугаар сарын 11-ний өдрийн 10:00-16:00 цаг хүртэл Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

 

Ирүүлсэн бүтээлүүдийг 5 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна.


Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна" хэмээн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээллээ.

 

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавих гол шаардлага нь бүтээлийн санаа шинэлэг байх, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан байх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг  хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээ явуулах боломжтой байхаар төлөвлөх юм.

Связанные новости