Бизнесийн холбоод, ТББ-ууд хамтарсан мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-16 20:47:39

Улаанбааатар /МОНЦАМЭ/. "Covid-19"-ийн эсрэг улс орон бүр эдийн засгийн яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 

"Манай улсад ч мөн ялгаагүй, цаг тухай бүрт нь шуурхай арга хэмжээ авч, ажлын байрыг хадгалж авч үлдэх нь чухал боллоо" гэж бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр бизнесийг дэмжих холбоод, ТББ-ын төлөөлөл МҮХАҮТ-д уулзах үеэр мэдэгдлээ. 

Тэрээр, "Монголын эдийн засаг хүндрэлтэй байдалд орлоо. Танхим нийтдээ 1100 гаруй бизнес эрхлэгчээс судалгаа авахад нийт бизнесийн 88 орчим хувь нь коронавурисээс үүдэлтэйгээр бизнест нь хүндрээд байна. Тэр дундаа зээлийн үндсэн төлбөр, хүү, торгууль алданги, НДШ, татваруудаа төлөхөд хэцүү болж, ажилчдынхаа цалинг тавих боломжгүй байна гэсэн саналаа ирүүлсэн. 

Эдгээрийг нэгтгэн, авах арга хэмжээний хамт УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Монголбанкнаас шуурхай арга хэмжээ авч бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, банкуудад байлгах төгрөгийн нөөцийг буурууллаа. Энэ нь эдийн засагт шууд нөлөөлөхүйц үйл ажиллагаа юм" гэв.

COVID-19 нөхцөл байдлаас хамааран эдийн засаг огцом унаж, бизнест тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд төсөөлж байснаас богино хугацаанд нэмэгдэж байна. Ийн учир эрсдэлийг бууруулах, бизнес, ажлын байрыг хамгаалах талаар МҮХАҮТ-аас гаргасан саналуудыг хэрэгжүүлэх, дээр нь бусад цогц үйл ажиллагааг яаралтай авахыг шаардаж бизнесийг дэмжих байгууллага, холбоод хамтарсан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийн холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Улаанбаатар хотын Худалдааны танхим, Монголын банкны холбоо зэрэг 10 байгууллага хамтран гаргалаа.


Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан, "Дулааны улирал эхлэхээр бүтээн байгуулалт эрчимжиж, хөрөнгө оруулалт идэвхждэг. Харин аюулт өвчнөөс болж гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болох нь тодорхой байна. Ер нь зогсох хэмжээнд очих нь. Тиймээс бид онцгой нөхцөлд дотооддоо онцгой арга хэмжээ авах шаардлагатай байна" гэлээ.





Связанные новости