"Хэрэглэгчийн итгэлийн индекс" 5.6 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн байдлын талаарх "Хэрэглэгчийн итгэлийн индекс" 5.6 хувиар буурчээ.
Эдийн засгийн байдлыг иргэд юу гэж үзэж буйг тандах зорилготой "Хэрэглэгчийн итгэлийн индекс" 4.1 хувиар өсөж байсныг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Алтанцэцэг дурдаж байв. Гэхдээ энэ бол өнгөрсөн оны сүүлийн улирлын байдлаарх хувь. Харин өнөөгийн эдийн засгийн байдлын индекс жилийн өмнөх түвшнээс буурч 49.7 хувь болоод байна. Энэ нь сүүлийн 3 жилийн байдлаар анх удаа буурч байгаа үзүүлэлт гэдгийг тэрээр онцлов.
Өмнөх жилүүдэд хэрэглэгчдийн эдийн засагт итгэх итгэл ерөнхийдөө дээшилсэн. Гэхдээ энд ойрын 6 сар болон нэг жилийн байдлыг харж байдаг ирээдүйн хүлээлтийн индекс голлон нөлөөлдгийг хэлж байна.
“Хэрэглэгчийн итгэлийн индексийг тодорхойлохдоо өрхийн худалдан авалтын төлөвлөгөөг танддаг. Энэ нь эдийн засгийн чиг байдлыг таамаглахад чухал мэдээлэл болдог байна.
Тэрээр, "Ирээдүйн хүлээлтийн индекс өмнөх оны үеэс 10.9 хувиар өссөн. Харин өнөөгийн эдийн засгийн байдлын талаарх индекс энэ удаа буураад байна" гэв. Эдийн засгийн ойрын 6 сарын төлөв байдлыг тандсан судалгааг танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн юм.
"Хэрэглэгчийн итгэлийн индекс"-ийн судалгааг дэлхийн олон оронд эдийн засгийнхаа төлөв байдлыг тандах, барагцаалах үүднээс хийдэг. Иргэд улс орны эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийнх нь санхүүгийн талаар сонирхож, ямар санаа бодолтой байдгийг хэмждэг аж. Тодруулж хэлбэл, эдийн засгийн өнөөгийн байдал болон ойрын ирээдүйг хэрэглэгчид хэрхэн өөдрөгөөр төсөөлж байгааг тодорхойлдог байна. Хэрэглэгч иргэдийн итгэлийн индекс өөдрөг байх тусам эдийн засаг өсөж байдаг аж.
Манай улс энэ судалгааг 2009 онд анх эхэлж, одоо улирал тутам хийж байна.