Түрээслүүлэгч нар түрээсийн үнээ 20-50 хувь бууруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдаа, үйлчилгээний салбарт түрээслэгч, түрээслүүлэгч нарын аль алиныг харж үзэн, төр засгаас холбогдох татварыг бууруулж, хүндрэлийг хамтдаа даван туулах нь зөв.
Энэ талаар томоохон зах, худалдааны төвд түрээсийн үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй ААН-ийн төлөөлөл МҮХАҮТ-д уулзах үеэр хөндөв. Ихэнх түрээслүүлэгч түрээсийн үнээ 20-50 хувь бууруулаад байгаа аж. Гэсэн хэдий ч НӨАТ, Үл хөдлөх хөрөнгийн татвар, дулаан, цахилгааны төлбөр ААН-д өндөр тарифаар тооцогдож байна. Мөн газрын түрээс, ажилчдын НДШ гээд зайлшгүй төлөх шаардлагатай татварууд хэвээрээ байгаа гэдгийг хэлж байв.
"COVID-19"-ийн хорио цээрийн энэ нөхцөлд хамгийн их дарамт шахалтад өртөж, төр засаг болон түрээслэгчдийн зүгээс төлбөрөө бууруул, чөлөөл гэх шаардлагад байнга өртөж байгаа ч бас бизнесээ хамгаалж үлдмээр байна. Тиймээс зөвхөн түрээслүүлэгч нарт ачааны хүндийг үүрүүлэлгүй, төр засгаас ч холбогдох татварыг бууруулж, хүндрэлийг хамтдаа даван туулах нь зөв" гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад "Шангри Ла молл", "Нарантуул", "Барс", Шөнийн зах, "UBH центр", "Бишрэлт групп", "Дүнжингарав", 100 айлын барилгын материалын зах, "Алтжин бөмбөгөр" зэрэг худалдаа, үйлчилгээний төв, захын төлөөлөл оролцлоо.
Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын удирдлага, олон улсад дэлгэрээд буй халдварт өвчинтэй холбоотойгоор манай улсын эдийн засаг хүндэрч байгаа энэ цаг үед бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн төр, засагт уламжлахаас гадна гарч буй бэрхшээл, хүндрэлийг даван туулах оновчтой шийдэл, гарцыг санал болгохыг эрмэлзэж буйгаа илэрхийллээ.
Уулзалтаар хөндсөн асуудлыг шийдвэрлэх 5 хүнтэй ажлын хэсэг байгуулж, холбогдох газруудаар яаралтай хэлэлцүүлэхээр боллоо.
Тодруулга: МҮХАҮТ “COVID-19" бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар 1100 ААН-ээс судалгаа авчээ. Бизнест тулгарч буй гол хүндрэлд: зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг судалгаанд хамрагдсан ААН-үүдийн 66 хувь, түрээсийн төлбөр гэж 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал гэж 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гэж 3 хувь нь үзжээ.
Б.Болд