Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг гэрээт хугацаанд эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-31 14:53:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлж буй “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн төлөөллийг өнгөрсөн 7 хоногт хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын календарьчилсан төлөвлөгөөний талаар ярилцаж, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын талаар хоёр тал санал солилцон ерөнхий байр суурьт хүрлээ.

Компанийн удирдлагаас ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа ба шинэ нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахаар талууд шуурхай хамтран ажиллаж байгаа талаар салбарын сайдад танилцуулав.


Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор Шинэ нисэх буудлыг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, одоогийн нисэх буудлыг “Буянт Ухаа” нэртэй байхаар тус тус шийдвэрлэсэн. Энэ талаар ирэх 4 дүгээр сарын 23-ны дотор олон улсад мэдээлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа ба гэрээт хугацаандаа багтаан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Б.Энх-Амгалан сайд үүрэг болголоо.


Связанные новости