Хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-22 18:13:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газар, БХБЯ, Япон Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллага болон МҮХАҮТ хамтран “Хөгжлийн цогц бодлого” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын төсөл, “Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий” төсөл, “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг тус тус танилцуулж санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлэв. Дээрх бодлогын 3 баримт бичгийг хооронд нь уялдуулан боловсруулах, олон нийтийн санал зөвлөмжийг авах зорилгоор энэхүү хэлэлцүүлэг болов.

Энд БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд "Нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалт болон Хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхй төсөл" сэдвээр, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь "Хот, суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн төлөв" илтгэлийг тус тус тавилаа. 

Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Орон нутгийн бизнесийн орчны судалгааны үр дүн, төр- хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвээр илтгэл танилцуулав.




Тэрээр, "Орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй ААН, байгууллагуудын 33 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байна. Бизнесийн орчинд нөгөө л банкны зээлийн хүү өндөр хэвээр, гадаад валютын ханшийн хэлбэлзэл болон боловсон хүчний ур чадварын дутмаг байдал зэрэг тулгарч буй нь судалгааны үр дүнд гарсан" талаар тэмдэглэлээ.


"Орон нутагт тулгамдаж буй зүйлийн шийдэлд төр хэрхэн нөлөөлж үзүүлэх гэсэн судалгаанд 69 хувь нь хувийн хэвшлийн санал хүсэлтийг хүлээн авалгүйгээр шийдвэр гаргадаг гэсэн үзүүлэлттэй байна. Иймээс бид төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн нэг зорилготой, шийдлийн төлөө хамтдаа хэлэлцэж бодит үр дүнг гаргах нь Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой байна" гэдгийг тэрээр илтгэлдээ онцоллоо.

Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөв, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө төсөл болон аймгуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцлээ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Связанные новости