Тэтгэврийн зээлийг тэглэх нь төгрөгийн ханшийг огцом сулруулах эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-08 17:24:59
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал нийгэмд томоохон талцлыг үүсгээд буй. Тэгвэл өнөөдөр Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клубээс зохион байгуулсан “Тэтгэврийн зээлийг тэглэх: Үр дүн ба үр дагавар” сэдэвт хэлэлцүүлгээр тэтгэврийн зээлийг тэглэх нь нийт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ.


Ахмадуудын 71 хувь нь 853 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна.


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: “Энэ хэмжээний бэлэн мөнгийг эдийн засагт нийлүүллээ гэхэд ханшид шууд нөлөөлнө. Хэрэв тэтгэврийн зээлийг тэглэхээр болбол тэр мөнгийг бага багаар эдийн засагт оруулах замаар төгрөгийн ханш огцом сулрах эрсдэлийг бууруулах боломжтой.


Энэ төрлийн гэнэтийн шийдвэрүүд цаашид малчдын зээл, цалингийн зээл, орон сууцны зээлийг тэглэх байх гэсэн хүлээлт үүсгэж эдийн засагт шууд бусаар нөлөөлөх эрсдэлтэй.


Өмнө нь ХНХ-ын сайд С.Чинзориг: "Салхитын мөнгөний ордын нөөцийг барьцаалсан бонд гаргаж арилжааны банкуудаар худалдаална. Ордоос олборлож буй эрдэс баялгийг Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна" хэмээн мэдэгдсэн. 



МУИС-ийн багш, эдийн засагч Б.Отгонтөгс: “2012-2016 онд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанк мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлсэн. Энэ нь богино хугацаанд үнийг тогтворжуулсан ч алсдаа үнийн ерөнхий түвшин инфляцийг нэмэгдүүлж макро эдийн засагт нөлөөлсөн. Тэтгэврийн зээлийг тэглэх санхүүжилт Монголбанкнаас гарахаар байна. 850 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хөрөнгө болон бусад зардлыг тооцвол 1 их наяд төгрөг эдийн засагт орох нь. Улмаар инфляци өсөх, импортын хэмжээ нэмэгдэж төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Энэ бол эдийн засагт гарах шууд нөлөөлөл” гэв. 



Монголын ахмадуудын холбооноос тэтгэврийн зээлийг тэглэхийг эсэргүүцээгүй ч зээл авсан аваагүйгээр нь ялгавартай хандаж болохгүй гэдгийг хэлсэн юм. Мөн цаашид 310.000 - 1.500.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй тэтгэврийн зөрүүг арилгаж тогтолцоог шинэчлэх хэрэгтэй байгааг онцлов. 


Тэтгэврийн зээлийг тэглэхэд баталгаа болж буй Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг "Эрдэнэс силвэр ресурс" компанийн захиалгаар Topazia гэх компани 2019 онд гүйцэтгэсэн. Тэдний тооцооллоор тус орд 251 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, өнөөгийн үнэ цэнээр 122 тэрбум төгрөгийн үнэлгээтэй бөгөөд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 32 тэрбум төгрөг шаардлагатай хэмээжээ.

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх юм.
  
Связанные новости