Валютын ханш 200 төгрөгөөр өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, нэг ам.доллар Монголбанкны албан ханшаар 2735 төгрөгтэй тэнцэж байна.
Валютын дээрх ханшийг өмнөх хоёр 7 хоногийнхтой харьцуулахад 4 төгрөгөөр өссөн байна. Ам.долларын ханш өнгөрсөн оны эхний хагаст харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн 3 сард 200 төгрөгөөр өсөж, жилийн өмнөхтэй харьцуулахад 270 төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан зэрэг эдийн засгийн байдал валютын ханшид эерэг нөлөөлөхөөр байсан ч манай улс "Саарал жагсаалт"-д орно гэсэн оны сүүлийн саруудын хүлээлтийн үеэр зохиомол өсөлт үүсгэсэн зэрэг байдал ханш савлахад нөлөөлсөн гэж зарим эдийн засагч тайлбарлаж байгаа.
Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагийн дуудлага худалдаагаар Төвбанк нийт 24 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлээд байна.
Харин сүүлийн саруудад Монголбанкнаас валютын нийлүүлэлтийг хийж, ханшийн савлагааг зохицуулах үүднээс валютын дуудлага худалдаа зохион байгуулснаар валютын ханшийг тогтворжуулж чадсан гэж үзэж байгаагаа эдийн засагчид илэрхийлж байна. Хамгийн сүүлд гэхэд, өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагийн дуудлага худалдаагаар Төвбанк нийт 24 сая ам.долларыг арилжааны банкуудад нийлүүлээд байна.
Цаашид валютын ханшийг тогтворжуулахад нөлөөлөх гадаад валютын нөөц бий гэдгийг Төвбанкнаас мэдээлж байгаа. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ өнөөдрийн байдлаар 4 тэрбум ам.долларт хүрээд байна. Нөөц энэ онд нэмэгдэх боломжтой талаар мэдэгдэж байгаа юм.
Бусад валютын ханшийг дурдвал, БНХАУ-ын юань 392 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2 төгрөгөөр өссөн байна. ОХУ-ын рублийн ханш бага зэрэг чангарч 44 төгрөгийн ханштай байна.
Б.Болд