Дэлхийн банк МАА-н бүтээмжийг дээшлүүлэх шинэ зээл баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Дэлхийн банкны
Захирлуудын зөвлөл Монгол Улсын мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулах
төслийг санхүүжүүлэх 30 сая ам.долларын зээлийг баталлаа.
Уг төсөл нь
малын эрүүл мэнд, бүтээмжийг дээшлүүлэх, сонгосон газар нутаг дахь зорилтот үнэ
цэнийн хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мах болон сүүн
бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд туслах юм.
60 гаруй сая
толгой мал, өргөн уудам бэлчээр нутагтай Монгол Улсад ХАА, түүний дотор мал аж
ахуйн салбар нь эдийн засгийн төрөлжилтийг өргөжүүлэх, ажлын байрыг өргөн цар
хүрээнд бий болгох гол нөөц боломж юм гэдгийг Дэлхийн банкны мэдээнд дурдсан
байна.
Монгол Улс мах экспортлох боломжийнхоо дөнгөж 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна.
“Мал аж ахуйн
үйлдвэрлэлийн бүтээмж нь уг салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол түлхүүр
юм. Үнэ цэнийн гинжин хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын эрүүл
мэндийг сайжруулж, салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь эдийн засгийн төрөлжүүлэх,
ажлын байр олноор бий
болгох, хөдөө орон нутагт орлого нэмэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдлыг
сайжруулахад тус дэм үзүүлнэ” гэдгийг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан
менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Микнев онцлов. Дэлхийн банкны
зээлийн төсөл нь 5 жил
хэрэгжинэ. Төслийг ХХААХҮЯ хэрэгжүүлэх юм.
Өнөөдөр Монголын
нийт малчдын 56 орчим хувь нь 200 буюу түүнээс доош тооны толгой малтай байна.
Мал амьтны өвчлөл, хүнсний эрүүл ахуй, шим тэжээл хангалтгүй байдалтай хавсраад
махан болон сүүн бүтээгдэхүүний гарц, чанарыг хязгаарлаж ирсэн. Монгол Улс бүс
нутаг дахь мах импортлогч хамгийн том зах зээлүүдэд ойр байгаа хэдий ч дээрх
шалтгаануудын улмаас мах экспортлох боломжийнхоо дөнгөж 10 хүрэхгүй хувийг
ашиглаж байна.