ОБЕГ-т гал унтраах машин нийлүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-20 18:14:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар өнөөдөр гарын үсэг зурлаа.


Нийт 15.4 сая еврогийн энэхүү зээлийн хугацаа долоон жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа хоёр жил байх юм. Зээлийн 13.1 сая еврогоор ОБЕГ-т гал унтраах 71 автомашин болон бусад шаардлагатай төхөөрөмж нийлүүлэх юм. 


Ташрамд дурдахад, Одоогийн шаардлага, стандартаар Онцгой байдлын албаны аврах, гал унтраах 68 ангид есөн нэр төрлийн 501 гал унтраах автомашин байх ёстой. Гэсэн ч зургаан нэр төрлийн 240 автомашин буюу нийт шаардлагын 48 хувийг л хангаж буй юм. Автомашин болон тоног төхөөрөмжийн дутагдлын улмаас улсын хэмжээнд гарч байгаа ой, хээрийн болон обьектын түймрийг шуурхай унтраахад ихээхэн хүндрэл учирдаг байна.

Связанные новости