АХБ хувийн хэвшлийн зээлийн гэрээг Хас банктай байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-18 17:23:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хувийн хэвшлийн зээлийн хэлэлцээрт  Монгол Улс дахь АХБ-ны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав нар гарын үсэг зурав.

30 сая ам.долларын зээлийн хэлэлцээр нь Монгол Улсын бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй эзэнтэй болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч нарт чиглэж байна. Энэ талын Хас банкны санхүүжилтийг дэмжих зорилгоор санхүүжүүлэгч талууд хамтран хэрэгжүүлж буй багц санхүүжилтийн хүрээнд ийнхүү гарын үсэг зураад байна.

Энэхүү зээл нь АХБ-аас авч буй Хас банкны 2 дахь хувийн хэвшлийн зээл болж байна.

Монгол Улсын нийт ажлын байрны тэн хагасыг бий болгож, нийт бүртгэлтэй ААН-ийн 90 хувийг бүрдүүлдэг бичил болон ЖДҮ эрхлэгчдийн хувьд арилжааны зээл авах боломж туйлын хомс байдаг. Тэр дундаа арилжааны банкнаас тавих шаардлагыг хангах барьцаа хөрөнгө хомс эмэгтэй бизнес эрхлэгч нар бүр ч их хүндрэлтэй тулгардаг.

Санхүүжилтийн хүртээмжгүй байдал нь бизнес эрхлэгчдийн хувьд бизнестээ хөрөнгө оруулах, цаашид өсөж дэвшихэд хамгийн ихээр саад болдог зүйл бөгөөд тэдэнд олгосон нийт зээл улсын хэмжээнд арилжааны нөхцөлөөр олгоод буй нийт зээлийн үлдэгдлийн 20-хон хувийг эзэлж байна.

АХБ-наас олгох зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг Хас банк эмэгтэй эзэнтэй БЖДҮ эрхлэгчдэд олгох бол эдийн засгийн хөгжил харьцангуй хоцрогдмол бөгөөд ядуурлын түвшин нийслэлээс 7 орчим хувиар өндөр байдаг хөдөө орон нутгийн БЖДҮ-д санхүүжилтийн тодорхой хэсгийг мөн зориулах юм гэж АХБ-ны мэдээнд дурджээ.

“Бичил, жижиг, дунд бизнесийн салбар нь ажлын байр бий болгож буй гол салбар төдийгүй эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхайгаас хараат бус болгохыг зорьж буй Монгол Улсын хувьд маш чухал салбар юм” гэж Монгол Улс дахь АХБ-ны Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцолжээ.

 Тэрээр “АХБ-наас Хас банканд урт хугацаат, тогтвортой санхүүгийн дэмжлэг олгосноор санхүүгийн эрсдэлийг бууруулан, БЖДҮ эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхэд илүүтэй анхаарахад дэмжлэг болох бөгөөд цаашлаад шинэ ажлын байр бий болгох боломж бололцоог бүрдүүлэх юм” хэмээн тэмдэглэжээ. 

Связанные новости