Франсуа Блан: Монголын фермерүүд Францаас дахин мал авахыг хүсэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Францын Мал аж
ахуйн хүрээлэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн “Интерлим”, “Коопекс Монбэлиард”, “ФЭНВИА”
компанийн төлөөлөл манай улсад ирээд байна.
Францын төлөөлөгчид тус улсаас Монголд оруулж ирсэн өндөр ашиг шимт үүлдрийн үхэр, хонийг нутагшуулж буй манай улсын ААН, фермерүүдтэй өнөөдөр “Блью Скай” зочид буудалд уулзаж үржүүлгийн үр дүнгийн талаар санал солилцлоо.
Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас зохион байгуулсан уулзалт семинарын үеэр бид Бээжин дэх Францын ЭСЯ-ны ХАА-н бүсийн зөвлөх, ноён Франсуа Блантай уулзлаа.
-Франц үүлдрийн хонь, үхэр Монголд нутагшаад багагүй
хугацаа өнгөрлөө. Та бүхний үзэж буйгаар хэр үр дүнтэй байна вэ?
-Өнөөдрийн уулзалтад
оролцож буй фермерүүд, малчдын төлөөллийн ярьж танилцуулж байгаагаар өндөр үр
дүн гарч байна. Үүнийг оролцогч хүн бүр хэлж байна. Үр дүнтэй байгаа эсэхийг
сайн мэдэх хүмүүс чухам тэд юм. Түүнээс гадна Монголын фермерүүд Францаас мал
дахин авахыг хүсэж байна. Энэ нь бидний хамтын ажилллагааны үр дүнгийн нэг
илрэл юм.
-Францаас оруулж ирж буй үхрүүд голцуу ямар чиглэл,
төрлийнх байгаа вэ?
-Мах-сүүний, махны болон
сүүний гэсэн 3 чиглэлийн мал зонхилж байгаа. Жишээ нь, Монголд оруулж ирсэн Монбэлиард үүлдрийн үхэр тамир тэнхээтэй, урт насалдаг, дасан зохицох чадвартай махны чиглэлийнх юм. Монголд оруулж ирсэн үхрүүд
ихэвчлэн хээлтэй байсан. Цөөн тооны эр үхэр оруулж ирсэн.
Өнөөдрийн уулзалтаар бид
өмнө нь мал оруулж ирсэн ААН-үүдийн төлөөллийн санал, туршлага, бэрхшээлийг
сонсож байна. Малаа үржүүлэхэд ямар нөхцөл хэрэгтэй байна гэдэг санал нь бидэнд
сонирхолтой, илүү хэрэгтэй байна. Мал оруулж ирээд үржүүлэхэд үр дүн, ашигтай
байх нөхцөлийг бүрдүүлж буй зүйл нь хоёр тал Монголын хүйтэн сэрүүн, эрс тэс уур
амьсгал бүхий нөхцөлд амьдрах чадвар, тэсвэртэй гени бүхий үүлдрийг
гаргах явдал. Үүнийг бид хийж чадсан.
Хоёр дахь зүйл нь мал хүлээн
авч буй Монголын малчид, фермерүүд шаардлагатай бүхий л сургалтад хамрагдаж, мал
үржүүлэх орон байр, тэжээлээ хүртэл бэлдэж чадаж байгаа нь сайн талтай байна.
Франсуа Блан: Бид Европ стандартыг Монголд нутагшуулахад бус, монгол малын чанарыг сайжруулахыг зорьж байна. Үүнийг Монголын фермерүүд хийж байна.
Энэ удаагийн уулзалт
семинараар ч Францын мал аж ахуйн мэргэжилтэн, экспертүүд оролцож сүү,
тэжээлийн үйлдвэрлэлийн арга барил, Францын хоршоодын тогтолцооны талаар
танилцуулж, малчдад зөвлөж байна гэв.
Тэрээр, өнөөгийн
эрчимжсэн МАА-н салбарт чанартай мал чухал үүрэгтэйг онцолж байв. Чанартай
малаас чанартай бүтээгдэхүүн гарна. Бяслаг хийлээ гэхэд тос, сүү нь чанартай
байж бүтээгдэхүүний стандарттай уялдана. Бусдаар бид европ стандартыг Монголд
нутагшуулахад бус, монгол малын чанарыг сайжруулахыг зорьж байна. Учир нь
тухайн улс орны нөхцөл байдал өөр өөр, өөрийн гэсэн дасан зохицох нөхцөлтэй
байдаг гэдгийг тэрээр тодотгож байв.
“Франц улстай МАА-н салбарт хамтран ажиллах боломжууд” уулзалт семинарт Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин, тус улсын МАА-н төлөөлөгчид, Монголын талаас ХХААХҮЯ, мал үржлийн алба, “Гацуурт”, “Нүүдэлчин агрофарм”, “Монгол генетик сервис”, “Милл Хаус” зэрэг компани, ААН-ийн төлөөлөл оролцлоо. Манай улсаас мөн “Хишигтэн нүүдэлчин”, “Тайшир Өргөө” зэрэг 4-5 ААН, фермерүүд Франц улсаас үржлийн хонь үхэр оруулж ирэн нутагшуулж байна.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр