Х.Данийл: Монголчууд технологи, бид нийлүүлэлт сонирхож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Хакасийн БНУ-ын бизнесийн
төлөөлөл манай улсад ирээд байна.
Тэд өнөөдөр Монголын ААН-үүдийн төлөөлөлтэй “Номин холдинг” групп дээр бизнес
уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд зохион байгуулагч Монголоос ОХУ-тай харилцах
Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш Монгол-ОХУ-ын худалдааны
талаар мэдээлсэн бол Гаалийн ерөнхий газрын Татвар, тарифын бодлогын газрын
ахлах байцаагч Л.Ганхуяг гаалийн татвар, тарифтай холбоотой мэдээлэл хийв.
Хакасийн талаас манай улсад барилга, ХАА, эрчим хүчний “СолеВит”, “ЛСТК-Саяны”, “ИП” зэрэг компанийн төлөөлөл ирээд байна. Уулзалтад Монголын талаас “Глобас бизнес линк”, “Агриматко Монгол”, “Гольваник констракшн”, “Бриюз Од”, “Түмэд групп”, “Очир Тэнхлэг”, “Амарбаяр”, “Мишээл дарь” зэрэг компани, Монголын Энхтайван найрамдлын нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.
Монголоос ОХУ-тай харилцах Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал
Э.Оюунтэгш Монгол-ОХУ-ын худалдааны талаар танилцуулахдаа, хоёр орны худалдааны
эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрээд буйг мэдээлж, хоёр талын худалдаа нэмэгдэж
буй ч тэнцвэрт байдал харилцан адилгүй байгааг дурдан, үүнд гаалийн тариф,
импортын татвар саад болж буйг онцоллоо.
Уулзалтын үеэр Монголын бизнес эрхлэгчид барилга, халаалтын систем, сантехник болон малын эмийн импорт сонирхож буйгаа илэрхийлэв. Харин Хакасийн талаас эрчим хүч, тэр дундаа цахилгааны хураагуур, аккумулятор, нарны панель зэрэг сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, малын эм, бэлдмэл нийлүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, экспорт импорт дээр ямар татвар, хураамж үйлчилж, ямар хөнгөлөлт эдэлж болохыг сонирхож байв.
Уулзалтын талаар ОХУ-ын Хакаси улсын ХАҮТ-ын мэргэжилтэн Владимирович
Харин Данийлаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ, “Бид Монгол Улсад анх удаагаа ирж
байна. Нүүр тулсан уулзалт, үйлдвэр, ААН-ээр орох танилцах аялал зэрэг олон үйл
ажиллагаа биднийг хүлээж буй нь сонирхолтой байна. Уулзалт, айлчлалын хүрээнд шинэ
хамтын ажиллагаа үүснэ гэдэгт итгэлтэй байна.
Эхний уулзалтаас харахад, монголчууд хуучны танил ОХУ-д техник, технологи
хэрхэн өөрчлөгдөж буйг илүүтэй сонирхож байна. Харин манай талаас бүтээгдэхүүн
нийлүүлэх сонирхол давамгайлж байна. Манай бизнес эрхлэгчид жишээ нь, БНХАУ-аас
импортлох бараа, бүтээгдэхүүнээ Алс Дорнод, Манжуураар авч байснаас Монголоор
дамжуулах нь өртөг зардал хямд, ойр дөт юм” гэлээ.
Монголын бизнес эрхлэгч Х.Өлзийбаяраас хамтын ажиллагааны талаар тодруулбал, “Би энд барилгын, кабелийн 3 ААН-ийг төлөөлөн оролцож байна. Гол нь бид Оросын бүтээгдэхүүний технологи хэрхэн өөрчлөгдөж буйг сонирхож байна. Ялангуяа, барилгын салбарт хямд өртөгтэй бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж сонирхож байна. ОХУ-ын барилга, сантехникийн стандарт манайхтай ижил. Манайд сантехникийн шинэчлэлийг Оросын тоног төхөөрөмжөөр хийх боломжтой” гэв.
ОХУ-ын Хакаси улсын Экспортыг дэмжих сан, ОХУ-ын “Мой бизнес” төслийн
хүрээнд болж буй бизнес уулзалт, айлчлалд оролцогч Хакасийн бизнес эрхлэгчид
маргааш Мал эмнэлгийн ерөнхий газар болон “Номин констракшн”, “Гермес” зэрэг ААН-үүдэд зочилно.
Б.Болд