Шизүока мужийн бизнес чуулганыг Монголд жил бүр зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Японы Шизүока
мужийн төлөөлөл манай оронд айлчилж байна.
Тус мужийн “Жижиг,
дунд бизнес эрхлэгчдийн холбоо” манай улсын “ЖДҮ-ийг хөгжүүлэх сан”-тай хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалт ХХААХҮЯ-нд боллоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЖДҮ, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг, Экспорт олон улсын худалдааны төвийн үүсгэн байгуулагч Д.Оюунбилэг нар оролцлоо. Японы Шизүоко мужийг төлөөлж тус мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх Хиронори Яно, Шизүока мужийн ЖДҮ бизнес эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Мүнэо Ямаүчи тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, “Манай улсын нийт ажиллах хүчний 53.2 хувийг эзэлж, Монгол Улсын ДНБ-ний 30 гаруй хувийг дангаараа хангаж буй” ХАА-н салбарын талаар товч танилцууллаа. Монгол Улсын ХХААХҮЯ нь хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ЖДҮ, үйлчилгээ, хоршоо гэсэн 5 эдийн засгийн голлох салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэн ажиллаж байна гэв.
Тэрээр, “Манай яам 2014 онд Шизүока мужтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулан хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Энэ хүрээнд жил бүр “Шизүока мужийн бизнес чуулган”-ыг хамтран зохион байгуулах, тус мужид болдог “Фүжи но күни” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”-нд салбарын үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж оролцуулах болон газар тариалангийн салбарт Сэлэнгэ, Дорнод аймгуудад гурвалжин будаа “сагаг”-ийг туршилтын журмаар тариалах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж буй”-г дурдаад цаашид энэхүү хамтын ажиллагааг Жижиг, дунд бизнесийг дэмжих салбарт хөгжүүлэх боломж нээгдэж байна. Хоёр орны ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “ЖДҮХ Сан” болон Шизүока мужийн “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо”-той хамтын ажиллагааг бий болгож, хөгжүүлэх саналтай байна” гэлээ.
Шизүзока мужийн Засаг даргын орон тооны бус зөвлөх
Хиронори Яно хэлэхдээ, “Бид бизнес эдийн засгийн айлчлалаа Монгол
Улсад хийж байгаадаа таатай байна. Бид Монгол Улстай тодорхой нэгэн салбар бус
эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, спорт зэрэг олон салбарт хамтын уялдаатай
ажиллахыг зорьж байна. Монгол Улсад энэ удаа зохион байгуулж байгаа Шизүока
мужийн бизнес чуулганыг
ганц энэ удаа биш жил бүр уламжлал болгон зохион байгуулж илүү их үр дүнд
хүрэхийг хичээх болно. Энэ удаа бид эхний алхмаа хийлээ гэж бодож байна” гэлээ.