Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-27 09:26:47

НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Пүрэв гарагт Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзсан боловч дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн нөхөн төлбөр болон худалдааны асуудлаас үүдэлтэй хоёр талын маргааныг зохицуулах чиглэлд ахиц дэвшил гараагүй байна.


Энэ сарын эхээр Японы Гадаад хэргийн сайдын албан тушаалыг хашиж эхэлсэн Тошимицү Мотэги БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Вад хэлэхдээ, БНАСАУ-тай тохиролцоонд хүрэхэд хоёр талын хамтын ажиллагаа маш чухал байгаа энэ үед хоёр орны харилцааны байдал “маш ноцтой” байна гэжээ.


Уулзалтын үеэр бид ирээдүйд чиглэсэн харилцааг хөгжүүлэхийн чухлыг онцолж, тулгамдаж буй асуудлуудын талаарх өөр өөрсдийн байр сууриа илэрхийллээ гэж Т.Мотэги сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


"Бидний нөхөрсөг харилцааны үндэс суурь ганхаж байна" гэж Японы Гадаад хэргийн сайд 50 гаруй минутын турш үргэлжилсэн уулзалтын дараа хэлжээ. Энэхүү уулзалт төлөвлөж байснаас хоёр дахин удаан үргэлжилсэн байна. Т.Мотэгийн хэлсэн үг талууд дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн нөхөн төлбөр болон худалдааны асуудлаарх үл ойлголцлоо шийдвэрлэж чадаагүйг илэрхийлжээ.


Нью-Йорк хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болсон уг уулзалтын үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нар харилцаа холбоо, яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. 

Связанные новости