Эмийн үйлдвэр, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд болсон Монгол-Энэтхэгийн бизнес уулзалтын үеэр хоёр улсын бизнес эрхлэгч нар эмийн үйлдвэр болон мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хөдөө аж ахуй, ноос ноолуур, хүнд үйлдвэр, эм хангамж, мэдээллийн технологийн чиглэлийн 100 орчим бизнес эрхлэгч оролцсон энэхүү уулзалтад манай улсаас 17 бизнес эрхлэгч оролцож, худалдаа, бизнесийн салбарт хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар мэдээлэл солилцжээ.
Мөн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын эдийн засгийн төлөв, бизнесийн боломжууд” сэдвээр танилцуулга хийж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрүүдийн танхимуудын нэгдсэн холбооны төлөөлөгч, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны төлөөлөгч, БНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Байгалийн хий, газрын тос, гангийн яамны сайд Шри Дхарменда Прадхан нар үг хэлсэн юм.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрүүдийн танхимуудын нэгдсэн холбоо, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны захирлуудтай уулзаж, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, үзэсгэлэн яармаг, бизнес аялал, форум харилцан зохион байгуулах асуудлыг ярилцаж, Санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохиролцлоо.