Москвад болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар В.Путин анх удаа тайлбар хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-20 10:46:09

БРЕГАНСОН. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францад айлчлах үеэрээ Москвад саяхан болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар анх удаа тайлбар өгсөн байна.


“Москвад гарсан үймээн сонгуулийн мөчлөгтэй холбоотой, учир нь есдүгээр сард бүс нутгийн эрх баригчдын, түүний дотор Москвагийн эрх баригчдын сонгууль болно” гэж тэрбээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой хэлэлцээ хийхийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Үүний сацуу, тэрбээр иргэд хууль тогтоомжийн дагуу тайван жагсаал хийх эрхтэй бөгөөд эрх баригчид үүнд саад болж болохгүй гэж хэлсэн байна. “Гэхдээ эрх баригчид төдийгүй иргэдийн ямар нэг бүлгийн аль аль нь хууль зөрчиж, нөхцөл байдлыг учир утгагүй байдалд оруулах эсвэл эрх баригчидтай мөргөлдөхөд хүргэх эрхгүй. Энэ бол хууль зөрчиж байгаа үйлдэл бөгөөд буруутнууд Оросын хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ёстой” гэж тэрбээр хэлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн долоо, наймдугаар сард болсон жагсаалыг эрх баригчид зөвшөөрсөн бөгөөд үймээн самуунгүй тайван болж өнгөрснийг онцлон дурдсан байна. В.Путин мөн Францад болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар дурджээ. “Бидний мэдэж байгаагаар, ганцхан Орос улсад ийм үйл явдал болдоггүй. Зочны хувиар энэ тухай ярихад надад таагүй байна, гэвч та бүхэн ийм асуулт асуусан учир ярихаас өөр аргагүй. Шар хантаазтнуудын хөдөлгөөн гэж нэрлэдэг үйл явдлын талаар бид бүгд мэднэ. Бидний тооцоолсноор, 11 хүн амиа алдаж, 2000 цагдааг оруулаад 2500 хүн шархадсан” гэж Оросын Ерөнхийлөгч хэлсэн байна. Тэрбээр Москвад ийм үйл явдал болохыг хүсэхгүй байна гэдгийг нэмж хэлээд Оросын улс төрийн байдлыг хуулийн хүрээнд хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж амлажээ.


Э.Макрон, В.Путин нар даваа гарагт Францын Ерөнхийлөгчийн зуны өргөөнд уулзсан юм. Хоёр орны удирдагчид энэ сарын 24-26-нд Францын Биарриц хотод “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалт болохоос хэдхэн хоногийн өмнө хэлэлцээ хийлээ.


 


Связанные новости