Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /Ukrinform/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Донбассын байдлыг утсаар хэлэлцлээ гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт мэдэгджээ.
“Өнөө өглөө би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилаа. Түүн рүү яаралтай залгасан. Цэргүүд рүү гал нээсэн нь энх тайван тогтооход биднийг ойртуулахгүй гэдгийг хэлсэн” гэж тэрбээр Украины дөрвөн цэрэг Донбасст амиа алдсантай холбогдуулан хүчнийхэнтэй яаралтай хуралдсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Цэргүүдийг босогчид буудсан гэж Украины тал үзэж байгаа аж.
“Тэд манай хүмүүсийг хөнөөж буйг болиулахын тулд нөгөө талд нөлөөлөхийг” Оросын удирдагчаас хүссэн гэж Украины Ерөнхийлөгч нэмж хэлжээ.
Үүнээс гадна, тэрбээр хэрэв Донбассын байдал хурцадвал Туркт хийх айлчлалаа цуцлахад бэлэн байгаагаа цохон тэмдэглэсэн байна.