Истанбул хотын даргын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /BBC/. Өнгөрсөн ням гарагт болсон Туркийн Истанбул хотын даргын сонгуульд эрх баригч
нам ялагдал хүлээснийг сонгуулийн дүн харуулжээ. Бараг бүх саналын хуудсыг
тоолсон байдлаар сөрөг хүчний намын нэр дэвшигч Экрем Имамоглу сонгогчдын 54
хувийн саналыг авсан байна.
Э.Имамоглу өнгөрсөн
гуравдугаар сард ялалт байгуулсан хэдий ч эрх
баригч Шударга ёс, хөгжлийн нам санал хураалтын зөрчлүүд илэрсэн талаар олон
нийтэд мэдэгдсэнтэй холбоотойгоор сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулах шийдвэрийг Туркийн Сонгуулийн
хороо гаргасан юм.
Шударга ёс, хөгжлийн намаас
дэвшигч,
Ерөнхий сайд асан Бинали Илдирим ням гарагийн сонгуулийн дүнг хүлээн
зөвшөөрчээ. Мөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотын шинэ
даргад баяр хүргэж буйгаа “Твиттер”
хуудсаараа илэрхийлжээ.
Гэсэн хэдий ч
энэхүү дүн “Истанбулд хэн ялна. Тэр Туркт ялна” хэмээн хэлж байсан Р.Эрдоганы
хувьд томоохон цохилт болсон хэмээн ажиглагчид үзэж байна. Э.Имамоглу сонгуулийн дүнгийн талаар хэлэхдээ, хот болон улсын хувьд "шинэ эхлэл" боллоо гэжээ.