Израилийн Ерөнхий сайд нэн даруй нутаг буцна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕЛЬ-АВИВ. /RIA Novosti/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д хийж буй айлчлалынхаа хугацааг богиносгож, нутаг буцна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр Газын зурвасаас даваа гарагийн өглөө Израилийн нутаг руу пуужин харвасны хариуд явуулах цэргийн ажиллагааг удирдахын тулд ийм шийдвэр гаргасан байна.
Палестинчуудын харвасан пуужин Израилийн төв нутгийн хүн ам шигүү суурьшсан суурингийн орон сууцны байшинд тусаж, дэлбэрсний улмаас долоон хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа аж.
“Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаныхаа дараа эх орондоо нэн даруй буцаж, үйл ажиллагааг газар дээрээс нь удирдана” гэж Нетаньяху мэдэгдсэн байна. Батлан хамгаалах яамыг удирддаг тэрбээр Израилийн армийн Жанжин штабын дарга, Терроризмтай тэмцэх "ШАБАК" тусгай албаны удирдагч болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнтэй утсаар хэдийнэ зөвлөлджээ.
“Израил улс халдлагад өртлөө, үүний эсрэг бид цэргийн хүчээр хариу өгөх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Нетаньяхугийн даваа гарагт эхлүүлсэн айлчлал энэ сарын 27 хүртэл үргэлжлэх ёстой байв. “Голаны өндөрлөг бол Израилийн нутаг мөн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч албан ёсоор хүлээн зөвшөөрөх явдал түүний айлчлалын гол үйл явдал болох ёстой байв.