Си Жиньпин Харвардын Ерөнхийлөгчтэй уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-21 14:30:55

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Харвардын их сургуулийн Ерөнхийлөгч Лоуренс Бэковтой өнгөрсөн лхагва гарагт Бээжин хотод уулзах үеэрээ Хятад-Америкийн соёл, боловсролын харилцан солилцооны хөтөлбөр илүү эерэг үр дүнг бий болгоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.  


"Боловсролын солилцоо болон хамтын ажиллагаа нь Хятад-Америкийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэхийн сацуу хоёр улсын нөхөрсөг харилцааны талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд тус болох юм. Манай улс харилцан солилцоо хийгээд Хятад оюутнуудын хилийн чанадад сурах явдлыг сайшаан дэмжиж байгаа бөгөөд боловсролын салбарт бусад улстай өрнүүлэх хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна" хэмээн Си Жиньпин хэлжээ. 


"Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн шинэчлэлт, нээлттэй байдлын бодлогын хүрээнд Хятад улс хурдацтай хөгжсөн нь боловсролын салбарт мөн адил үр өгөөжээ өгсөн юм. Манай улс боловролын салбарт шинэчлэл хийж, ард иргэдийн сэтгэлд нийцсэн боловсролын системийг бий болгохыг зорьдог" хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ. 


“Хоёр улсын боловсрол, соёлын байгууллагуудын солилцоо, хамтын ажиллагааг дэмжин гүнзгийрүүлэх нь Хятад-Америкийн харилцааг урт хугацааны туршид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэж Л.Бэков БНХАУ-ын даргатай уулзах үеэрээ хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр Харвардын их сургуульд Хятад хэл өргөн дэлгэрч, тус сургуульд Хятадын олон оюутан суралцаж байгааг магтан сайшаасан байна. 

Связанные новости