“Facebook” компани Тайландын сонгуулийн үйл явцыг хамгаалах арга хэмжээ авнa

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-01-31 15:49:05

БАНГКОК. /TASS/. Ирэх гуравдугаар сард Тайландад болох сонгуулийн үйл явцыг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаар болсон тухайгаа “Facebook” нийгмийн сүлжээний удирдлагууд мэдэгджээ. Мэдэгдлийг тус сүлжээний цахим хуудсанд нийтэлсэн байна.


“Сүүлийн хоёр жилд болсон бүх сонгуулийн үеэр бид туршлага хуримтлуулж, хуурамч хаягуудыг хаах, хуурамч мэдээллүүдийг багасгах, хэрэглэгчдийн мэдээлэлд халдах явдлыг таслан зогсоох арга хэмжээнүүдийг авсан, мөн сонгогчдын мэдлэг, оролцоо болон зар сурталчилгааны ил тод байдлыг нэмэгдүүллээ. Өнөөдөр бид гуравдугаар сард болох Тайландын сонгуулийг хэрхэн хамгаалах талаар дэлгэрэнгүй танилцуулна” гэж тус нийгмийн сүлжээний мэдээлэлд дурджээ.


Мэдээлэлд дурдаж буйгаар, Тайландын хэрэглэгчид зар сурталчилгаа байршуулсан тухай буюу тухайн зар сурталчилгааны хуудсыг үүсгэсэн болон нэр нь хэрхэн өөрчлөгдсөн тухай мэдээллийг харах аж. Үүнээс гадна, зар сурталчилгаа нь сонгуулийн үйл явцад саад учруулж байна гэж үзвэл гомдол гаргаж болно. Түүнчлэн гадаадаас улс төрийн шинж чанартай зар сурталчилгаа хэвлэн нийтлэхийг хоёрдугаар сарын дунд үеэс түр хугацаанд хязгаарлана. “Facebook” компани мөн нийгмийн сүлжээний аюулгүй байдлыг бүхэлд нь хангах болон хэрэглэгчдийн гомдолд түргэн хариу өгөх боломжийг дээшлүүлэхээ мэдэгдсэн байна.


Тайландад бүх нийтийн сонгууль явуулах өдрийг тус улсын Сонгуулийн хороо гуравдугаар сарын 24-нд товложээ. 

Связанные новости