“Хотод ойрхон говь” эвент арга хэмжээг ирэх намар зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Байгаль орчин аялал
жуулчлалын газраас ирэх 9 дүгээр сард “Хотод ойрхон говь” эвент арга хэмжээг зохион
байгуулахаар төлөвлөж байна.
Тус аймгийн хувьд Улаанбаатарт ойр,
хатуу хучилттай замаар холбогдсон, Монголын
говь хээр хосолсон үзэсгэлэнт байгальтай, хангай говийг холбосон олон салаа
замын дунд байрладаг гээд бүс нутгийн онцлог, олон давуу талуудтай.
Тиймээс энэхүү давуу талаа ашиглан аялал
жуулчлалыг хөгжүүлэх, нутагтаа саатах жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 9 дүгээр сарын 5-10-д энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд 9 дүгээр сарын 6-7-нд Гурвансайхан
сумын Их газрын чулууны байгалийн цогцолбор газар, задгай театрт “Морин хуур, уртын дууны наадам”, есдүгээр сарын 7-8-нд Өлзийт
сумын байгалийн үзэсгэлэнт газар “Цагаан суварга”-т “Их говийн тэмээ” арга
хэмжээ болох юм.
Харин есдүгээр сарын 8-9-нд Сайхан-Овоо сумын “Онгийн хийд” байгалийн үзэсгэлэнт газарт “Малчны
баяр” арга хэмжээ болох бол 9-10-д Дэлгэрцогт сумын “Бага газрын
чулуу” байгалийн үзэсгэлэнт газарт “Адуучны баяр” арга хэмжээ тус тус зохион
байгуулах ажээ.
Дээрх арга хэмжээнүүд нь өөр өөрийн өвөрмөц
онцлог, малчдын зан үйл, ёс заншлыг харуулах ажээ. Тухайлбал: “Малчны баяр”
арга хэмжээ нь малчдын аж амьдрал, мал маллагаа, ёс заншлыг илүү харуулах бол “Их
говийн тэмээ” үйл ажиллагаа нь тэмээний аж ахуй, ёс заншил, тэмээг аж
амьдралдаа хэрхэн ашигладаг зан үйлийг харуулах юм.