Францын Ерөнхий сайд “шар хантаазтнууд”-ын төлөөлөлтэй уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /Franse-Presse/. “Шар хантаазтнууд”-ын төлөөлөл Францын Ерөнхий сайд Эдуар Филипптэй баасан гарагт уулзахаар болсон тухай тус хөдөлгөөнөөс гаргасан мэдэгдэлд дурджээ.
Францын Байгаль орчны сайд Франсуа де Рюжи мягмар гарагт тус хөдөлгөөний хоёр төлөөлөгчийг хүлээн авч уулзсаны дараа Ерөнхий сайд “тэдэнтэй 11 дүгээр сарын 30-ны баасан гарагт 14 цагт уулзах хүсэлтэй” байгааг мэдэгдсэн байна.
Францын Ерөнхий сайд “шар хантаазтнууд” хөдөлгөөний төлөөлөлтэй уулзахад бэлэн байгаагаа лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр мөн эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулагчдын тавьж буй олон шаардлага үндэслэлтэй бөгөөд “сонсох ёстой” гэдгийг нэмж хэлсэн байна.
Францад бензин болон дизель түлшний үнийг нэмэгдүүлснийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн иргэд “шар хантаазтнууд”-ын хөдөлгөөнийг бий болгожээ. Тэд 11 дүгээр сарын 17-ноос орон даяар эсэргүүцлийн ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шатахууны үнэ өссөн шалтгаануудын нэг нь Францын Засгийн газар хүлэмжийн хийн хаягдалд экологийн татвар ногдуулсантай холбоотой аж.