НҮБ-ын энхийг сахиулагчид амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-16 18:13:22

КИНШАСА. /VOA/. НҮБ-ын энхийг сахиулагчид болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын цэргийн албан хаагчид тус улсын зүүн нутгийн Киву бүс нутагт хамтарсан ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр долоон энхийг сахиулагч амь үрэгдсэн байна.


Амь үрэгдэгсдийн зургаа нь Малави улсын иргэн байсан бол нэг нь Танзанийн иргэн байжээ. Үүний зэрэгцээ арван энхийг сахиулагч шархдаж, нэг энхийг сахиулагч сураггүй болсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээллээ.


Францын “AFP” агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын энхийг сахиулагчид болон Конгын цэргүүд “Ардчилсан холбоотны хүчин”-ий /ADF/ дайралтад өртсөн аж. “Ардчилсан холбоотны хүчин” нь сүүлийн жилүүдэд Конгод идэвхтэй ажиллагаа явуулах болсон Уганда гаралтай босогчдын бүлэг ажээ.


НҮБ-ын Конго дахь энхийг сахиулах ажиллагаа нь 18 мянга орчим цэргийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тус улс нь сүүлийн хорь орчим жилийн турш дайны хөлд нэрвэгдэж байгаа юм. 

Связанные новости