ОХУ, Иран, Энэтхэг улс Суэцийн сувгийн хувилбарыг байгуулахаар төлөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. ОХУ, Иран болон Энэтхэг улс Азийн бүс нутагт ложистикийн төв бий болгож, Суэцийн сувагтай адил олон улсын тээврийн шинэ зурвас байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн яамны хэвлэлийн мэдээлэлд дурджээ.
Дээрх гурван улсын төлөөлөгчид 11 дүгээр сарын 23-нд уулзаж, “Хойд-Өмнөд” хэмээх олон улсын тээврийн зурвас байгуулах асуудлыг хэлэлцэх аж. 7200 км урт энэ чиглэл нь Энэтхэгийн далайг ОХУ болон Европтой холбоно. Төсөлд оролцогчид 2014 болон 2017 онд энэ чиглэлийг хэдийнэ туршиж тээвэр хийжээ.
Энэтхэгээс бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэхдээ, Персийн булангийн эрэгт оршдог Ираны Бендер-Аббас боомтод хүргэж, дараа нь гал тэргээр Каспийн тэнгис дэх Ираны томоохон боомт болох Бендер-Энзелид хүргэнэ. Үүний дараагаар ОХУ-ын Астрахань хотод хүргэх бөгөөд эндээс төмөр замын тээврээр Европ руу илгээнэ.
Энэхүү шинэ чиглэлээр тээвэр хийхэд Суэцийн сувгаар хийснээс 30-40 хувиар хурдан бөгөөд хямд тусах аж. Тухайлбал, Мумбайгаас Москва хотод ачаа хүргэх дундаж хугацаа ойролцоогоор 20 өдрөөр багасна.
Уг төслийг Хятадын “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Олон улсын тээврийн шинэ зурвасаар жил бүр 20-30 сая тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой.