Япон улс дроноор үйлдэх халдлагаас урьдчилан сэргийлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-10-31 16:26:13

ТОКИО. /NHK/. 2020 онд Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпийн наадмыг угтан дрон болон бусад жижиг овор хэмжээтэй алсаас удирддаг нисэх төхөөрөмжөөр үйлдэх террорист халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг боловсруулах шийдвэрийг Японы засгийн газар гаргасан байна.


Мягмар гарагт тус улсын холбогдох яам, агентлагуудын төлөөлөгчид хуралдаж, энэ талаар санал бодлоо солилцсон ажээ. Сүүлийн үед гадаадын орнуудад ийм төрлийн хэрэгслийг террорист халдлагад түгээмэл ашиглах болсон тухай Сайд нарын танхимыг орлогч дарга Казухиро Сугита мэдэгдсэн бөгөөд Япон улсад маш өндөр технологи бүхий дроны хэрэглээ ихээхэн тархаж буйг тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Ерөнхий сайдын тусгай зөвлөх Хирото Изуми тэргүүтэй багийнхан яам болон агентлагуудаас дронтой холбоотой аюулгүй байдлын асуудлуудын талаар мэдээлэл цуглуулахаар болсон байна. Тэд дроны хөгжил болон өргөн тархаж буй хэрэглээний талаар судалж үзсэний дараа энэ оны сүүлээс эхлэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. 

Связанные новости