Рохинжа дүрвэгсдийг ирэх сараас нутаг буцаана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Бангладеш болон Мьянмар улсын эрх баригчид рохинжа үндэстэн дүрвэгсдийг ирэх сараас нутаг буцаах тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Бангладешийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Шахидуль Хак мэдээлсэн байна.
“Бид дүрвэгсдийн эхний бүлгийг 11 дүгээр сарын дунд гэхэд эх оронд нь буцаахаар тооцоолж байна” гэж тэрбээр Бангладешийн Дакка хотод болсон хоёр орны хамтарсан ажлын хэсгийн уулзалтын дараа мэдэгджээ.
Рохинжа дүрвэгсдийг нутаг буцаах нь “ярвигтай асуудал” гэдгийг Шахидуль Хак хүлээн зөвшөөрч байгаа боловч үүнийг “улс төрийн хүсэл зорилго байгаа тохиолдолд шийдэж болно” гэдэгт итгэлтэй байна.
Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудыг эх оронд нь буцаах томоохон төлөвлөгөөг Бангладеш, Мьянмарын эрх баригчид 2017 оны эцсээр баталсан боловч хүнд суртлын улмаас энэ үйл явцыг одоог хүртэл эхлүүлж чадаагүй аж. Үүнээс гадна, Бангладешаас нутаг буцах гэж байгаа олон рохинжа эх орондоо дахин хавчлага дарамтад өртөж, үндсэн эрхийг нь зөрчинө гэж болгоомжилж байгааг хэвлэлүүдэд онцлон тэмдэглэжээ.
Мьянмарын эрх баригчид болон тус улсын буддын шашинт оршин суугчид рохинжа үндэстнийг Бангледашаас ирсэн хууль бус цагаачид гэж үздэг байна. Тэдний хоорондох зөрчилдөөн олон жилийн түүхтэй боловч 2011-2012 онд Мьянмарт засгийн эрх цэргийнхнээс иргэний засгийн газарт шилжсэний дараа зэвсэгт мөргөлдөөн болтлоо даамжирч, хүмүүнлэгийн хямрал эхэлжээ.
Мьянмарын Зэвсэгт хүчин тус улсын Ракхайн мужийн нутаг дэвсгэрт лалын шашинт босогчдыг “цэвэрлэх” томоохон ажиллагаа явуулж эхэлсний улмаас 2017 оны намар Ракхайн мужид оршин суудаг 700 мянга гаруй рохинжа орон гэрээ орхин, хөрш Бангладеш улс руу дүрвэн гарсан байна.