Тимошенко Донбассын дайнд ялах төлөвлөгөөгөө танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /RIA Novosti/. Украины “Батькивщина” намын дарга Юлия Тимошенко Донбассын мөргөлдөөнийг шийдэх, тус бүс нутгийг Украины бүрэлдэхүүнд дахин нэгтгэх талаарх стратегийн төлөвлөгөөгөө аравдугаар сарын 30-нд танилцуулна гэж тус намын хэвлэлийн алба мэдээлжээ.
Тимошенко Украины ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа урьд нь мэдэгдсэн юм.
Ирэх долоо хоногийн мягмар гарагт “Энх тайван, аюулгүй байдлын шинэ стратеги” үндэсний чуулга уулзалт болох бөгөөд энэ уулзалтын үеэр Юлия Тимошенко дайнд ялж, булаан эзэлсэн нутаг дэвсгэрийг эргүүлэн нэгтгэх төлөвлөгөөгөө, мөн Украины гадаад аюулгүй байдлын үзэл баримтлалыг танилцуулах аж.
Украины Ерөнхийлөгчийн сонгууль 2019 оны хавар болно. Тимошенко ерөнхийлөгчийн нэр дэвшигчдийн чансааг хэдэн сарын турш тэргүүлсээр байгаа юм. Хэдийгээр сонгуулийн албан ёсны кампанит ажил эхлээгүй байгаа боловч Украинд ерөнхийлөгч болон парламентын сонгуулийн өмнө олон улс төрч ухуулгын ажлаа эхлүүлжээ. Улстөрчдийн дүгнэснээр, ухуулгыг Тимошенко хамгийн идэвхтэй хийж байгаа бөгөөд тэрбээр улс орны эдийн засагтай холбоотой “шинэ бодлогынхоо” хэсгээс хэдийнэ танилцуулжээ.