Япон улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Ли Көцян уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-26 11:29:37
БЭЭЖИН. /ТАСС/. Япон улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хооронд улс төрийн илтгэлцлийг бэхжүүлэхийг Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян уриалжээ. Энэ тухай тэрбээр Хятад болон Япон хооронд Энх тайван, найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор зохион байгуулсан ёслолын хүлээн авалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамт оролцохдоо мэдэгдсэн байна.

“Хятад болон Япон улсын хооронд улс төрийн харилцан илтгэлцлийг бэхжүүлж, хоёр талын харилцаа холбоог аюул занал бус харин түншлэлийн хувиар харах ёстой” гэж Ли Көцян хэлснийг “China Daily” сонин уламжилжээ. “Хятад болон Япон прагматик хамтын ажиллагаагаа тууштай хөгжүүлж, харилцан бие биеэ нөхсөн давуу байдлаа ашиглах,мөн гуравдагч орны зах зээлийг хамтран судлах ёстой” гэж Хятадын улстөрч хэлээд хоёр орон “олон талт хамтын ажиллагаа болон чөлөөт худалдааны зарчмуудыг хамтдаа урагшлуулж, хамгаалах, мөн бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр мөн “санал зөрөлдөөн болон маргаанаа үр дүнтэй шийдэж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх ёстой” хэмээн онцлон дурджээ. “БНХАУ хоёр орны хамтын ажиллагааг өндөр түвшинд явуулахын тулд илүү их орон зай, боломжийг бий болгох зорилгоор нээлттэй байдлын шинэчлэлийг цаашид урагшлуулах зам дээр зогсож байна” гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд нэмж хэлсэн байна.

Японы Ерөнхий сайд хариуд нь хэлэхдээ, “Япон болон БНХАУ Азийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг” гэв. Тэрбээр мөн “хоёр орон хамтран ажилласнаар, хоёр талын харилцааг урт хугацаанд хөгжүүлэх боломж олгоно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бүс нутгийн болон олон улсын асуудалд харилцан байр сууриа зохицуулах, эдийн засаг, худалдааны салбарт харилцаагаа идэвхжүүлэхэд чиглэсэн гурван өдрийн айлчлал хийхээр Хятадад хүрэлцэн очсон юм. Түүний айлчлал нь сүүлийн 7 жилийн хугацаанд Японы эрх баригчид Хятадад Засгийн газрын тэргүүний түвшинд хийсэн анхны айлчлал болжээ.
Связанные новости