Хөгжлийн банкны зээлийн 30 хувь нь төрийн 2, хувийн хэвшлийн 3 компанид ногдож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр 500 сая ам.долларын бондын хөрөнгө манай улсад орж ирсэнтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэр банкныхаа үйл ажиллагааны жилийн тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн танилцуулж сэтгүүлчдийн асуултанд хариулсныг хүргэж байна.
-Өнгөрсөн хугацаанд танай банкнаас ямар
ажлуудыг амжуулав?
-Энэ
онд 833 тэрбум төгрөгийн зээл
олгож, 1600 гаруй ажлын байр шинээр бий болгож, санхүүжилт хийсэн төслүүдээс
улсын төсөвт 90 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна. Банк байгуулсан цагаас олгосон зээлийн хүрээнд 3700 иргэнийг
ажлын байраар хангажээ. Хөгжлийн банкнаас дэмжсэн бүтээн
байгуулалтууд гэвэл, уул уурхайн бус салбарын экспорт юм. Мөн ХАА-н
салбарт 750 төнөг төхөөрөмж нийлүүлсэн. "ДЦС-4"-ийн
технологийн шинэчлэл, эрчим хүчний томоохон гурван төсөл хэрэгжүүлж, ноос,
ноолуурын салбарыг түлхүү дэмжиж, 100 хувь дотооддоо боловсруулах чиглэлд
хөрөнгө оруулалт хийгээд байна. Нийтдээ 1.7 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлж, гадаад
талдаа 1.1 их наяд төгрөгийн өр төлбөрийг барагдуулаад байна.
Мөн манай
банк дэргэдээ байгуулсан Хөрөнгө оруулалтын
сангаараа дамжуулан стратегийн том төсөлд хөрөнгө оруулалт татах, ХАА, “Ногоон
хөгжил”-ийг дэмжсэн төслүүдэд санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа. Цаашдаа
эрчим хүч, гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд олон улсын зах зээлээс
“Ногоон бонд” босгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. "Ногоон бонд" нь
бусад бондоос ялгаатай нь хугацаа урт, хүү багатай байдаг.
-Олон улсын зах зээлээс босгосон 500 сая ам.долларын бондыг юунд зарцуулах вэ?
-Хөгжлийн
банк анх удаа Засгийн газрын баталгаагүй бонд босголоо. Уг эх
үүсвэрийг өмнөх зээлийг дахин санхүүжүүлэх буюу богино
хугацаатай бонд, зээлийн эргэн төлөлтийг барагдуулахад зарцуулна. БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан 250 сая, “Кридет свисс” банкны хөвөгч хүүтэй 300 сая ам.долларын
зээлийн эргэн төлөлтийг хийнэ. Ингэснээр Хөгжлийн банк богино хугацааны
гадаад өр төлбөргүй болж, дотооддоо урт хугацаатай зээл олгох боломжтой болж
байна.
-Өмнөх онуудын зээлийн эргэн төлөлт хэр
байгаа вэ?
-Манайхаас олгосон
нийт зээлийн 30 хувь нь төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн гурван гэсэн 5 том ААН, компанид ногдож байгаа. Төрийн
өмчийн хамгийн том зээлдэгч болох ТОСК их олон төслийг санхүүжүүлсэн
боловч зээлээ хугацаандаа төлж чадахгүй байдалд орсон. Зарим төсөл 2-3 жил дамжсан, царцсан.
Тиймээс
2017 онд Засгийн газарт санал оруулж “Буянт-Ухаа-2” төслийг Хөгжлийн банк зээлэндээ хурааж авсан. Өмнө авсан зээлээ төлж, гүйцэтгэлээ хийсэн компаниудад санхүүжилтийг нэмж олгож, энэ төслийг ирэх 12-р сард дуусгана. Мөн хөдөө орон нутагт хэрэгжүүлсэн орон сууцны төслүүдтэй холбоотой өр төлбөрүүд байна. Үлдсэн зээл болгон дээр гарах шийдлийг боловсруулж байна.
Дараагийн том зээлдэгч бол
“Эрдэнэс Монгол” компани Тавантолгойгоос урагшаа төлбөртэй авто замыг
барьж, санхүүжүүлнэ гэж зээл авсан. Өнөөдөр энэ зээлийн эргэн төлөлт, хүүгийн
төлбөр дээр асуудал үүссэн. Нүүрс тээвэрлэж байгаа автомашинуудаас авдаг
хураамжаа багасгасан учраас зээлийн эргэн төлөлтөө хийхэд хүндрэлтэй байна
гэж тайлбарладаг. Тиймээс зээлийг хэрхэн барагдуулах шийдлийг ярилцаж
байна.
Хувийн хэвшлээс “Хөтөл”-ийн цементийн үйлдвэр, “Эрэл” ХК-ийн барилгын үйлдвэрийн комбинат,
Төмрийн хүдрийн үйлдвэрийн зээл багтаж байгаа. Хөтөлийн үйлдвэрийн ажил дууссан
ч улсын комисс хүлээж аваагүй 2 жил болж
байгаа учраас БХБЯ тухайн орон нутаг хандаж ажиллаж байна. Улс
хүлээж аваад үйлдвэр үйл ажиллагаагаа тогтвортой явуулбал зээлээ эргэн төлөх
боломжтой болно. Мөн манайхаас зээл авч байгаа компаниудад цементийг нийлүүлэх
боломж ч байгаа юм. “Эрэл”-ийн үйлдвэр болон төмрийн хүдрийн
үйлдвэрүүд ашиглалтад орж, компаниудтай хамтран ажиллаж байгаа гэв.
Тодруулга: МУХБ нь манай улсын
хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2017-2018 онд Засгийн газраас
баталсан “Ноолуур”, эрчим хүч, газар тариалан, газрын тос, түрээсийн орон сууц
хөтөлбөрүүдийг дэмжин санхүүжүүлж ажилласнаас:
- “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд шууд санхүүжүүлсэн 6 ААН, арилжааны 5 банкаар
дамжуулан 14, нийтдээ 20 ААН-ийг эргэлтийн хөрөнгөөр санхүүжүүлэн хангаж, 200
тэрбум төгрөгийн ноолууран бүтээгдэхүүнийг экспортолжээ.
- “ДЦС-4”-ийн турбоагрегатын шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн нийт
өртөг 93 сая ам.доллар буюу 80.7 сая евро, 8 жил хүртэл хугацаагаар олгоно. Энэ
онд эхний ээлжинд ОХУ-ын “Внешэконом” банкнаас 25 сая ам.долларыг үе шаттайгаар
авч санхүүжүүлж байна.
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн дэд бүтцийн ажил буюу үйлдвэрийн
талбай, цахилгаан хангамж, авто, төмөр зам барих ажлуудыг МУХБ-ны 250 тэрбум
төгрөгийн санхүүжилтээр хийнэ.
- “Ди Би Эм лизинг” ХХК нь ААН-үүдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтээр ОХУ-ын
компаниудаас 740 техник, тоног төхөөрөмж оруулж ирэн 230 ААН-д олгоод байна.
- Мөн “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь дэд бүтэц, уул уурхайн томоохон
төслүүд, тэдгээр салбарыг дэмжсэн инновацийн төслүүд рүү чиглэсэн “Үндэсний
хөрөнгө оруулалтын сан”-г байгуулан эхний ээлжинд 100 сая ам.доллартай тэнцэх
хэмжээний төгрөгийн хөрөнгө оруулалтыг шалгуур хангасан, үр ашигтай төслүүдэд
оруулах төлөвлөөд байна.
Б.Болд