ГТБҮ-ийн тоног төхөөрөмжийн заримыг нь Монгол руу ачуулахад бэлэн болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ)-ийн технологийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнхийг нь БНЭУ-ын хориод компанид үйлдвэрлэж байгаа бөгөөд заримыг нь ачуулахад бэлэн болжээ.
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эхнээсээ дуусаж, үйлдвэрийн
талбай руу ачих гэж байгаатай тул “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”
ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, албадын дарга, инженерүүдийн хамт
нэрлэгийн цамхагууд, олон тооны даралтат сав, цахилгаан станцын бойлер, ус
цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн үйлдвэрлэх явцыг шалгах, сорил тест, тээвэрлэх бэлтгэл хангахаар Энэтхэгийн Хайдерабад,
Ченнай, Мумбай, Пуне хотод ажиллаж байгааг ГТБҮ мэдээлэв.
“Megha Engineering and Infrastructures Limited” компанийн Хайдерабад хот дахь 4 үйлдвэрт ГТБҮ-ийн EPC 02 багц ажилд хамаарах даралтат 28 савыг үйлдвэрлэж ачихад бэлэн болгожээ. Мөн үйлдвэрийн үндсэн технологийн байгууламж болох 58,4 метр өндөр, 245 тн жинтэй, 3,2 м диметртэй атмосферийн нэрлэгийн цамхаг, 49,7 метр өндөр, 230 тн жинтэй, 4,8 м диаметртэй вакуум нэрлэгийн цамхагийг Ченнай хот дахь The KCP Limited компани үйлдвэрлэж байна.

Тус цамхагуудын хийцийн илчийн боловсруулалт, үл эвдэх сорил,
азотын дүүргэлтээр пневматик-хийн болон үл нэвчүүлэх гидравлик тест, зайн
хэмжээсийн тохиргоо гэх мэт 17 үе шат бүхий чанарын шалгалт, сорил тест хийж, цамхагийг
4 хэсэгт хуваан зэврэхээс хамгаалж, усан онгоцоор Ченнай-Тяньжин боомтоор
тээвэрлэн Монголд авчрах ажээ.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”
ТӨХХК, Төслийн менежментийн зөвлөх Engineers
India Limited, Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd, тоног төхөөрөмжийн
үйлдвэрлэгч компанитай хамтран техникийн хурал, уулзалт хийж, ажлаа ярилцан, график төлөвлөгөөг нарийвчлан, ачиж тээвэрлэх хугацааг шинэчлэн
тохиролцсон байна.

ГТБҮ-ийн талбайд дээрх байгууламжуудыг 2026 оны эхэнд Монгол
дахь үйлдвэрийн талбайд буулгаж, угсрах юм.
Засгийн газар ГТБҮ
байгуулахыг зорьж, БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй
зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос
боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн
бүтээн байгуулалтын хүрээнд 27 км төмөр зам, 17,2 км хүнд
даацын авто зам барьж, улсын чанартай төв болон төмөр замтай холбожээ.
Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг
бэлтгэн, тэгшилжээ. Үйлдвэрийн түүхий эдийн нөөц тогтоох хайгуулыг бүс
нутгийн хэмжээнд идэвхтэй хийж байгаа бөгөөд бүрэн тогтоосон нь 35 сая/тн ажээ.
Ulaanbaatar