ОУВС: Оросын ДНБ ирэх онд 1,8 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2018-10-09 14:09:52

МОСКВА. /ТАСС/. Олон Улсын Валютын Сан /ОУВС/ 2019 оны ОХУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа 0,3 пунктээр өсгөж, 1,8 хувь болгожээ. Энэ тухай тус сангийн “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв” тайлан мэдээнд дурджээ.

ОУВС-гийн шинжээчид Оросын ДНБ энэ онд 1,7 хувиар өснө гэсэн таамгаа хэвээр үлдээсэн байна. 

Түүнчлэн ОХУ-ын инфляци энэ онд мөнгө-зээлийн тийм ч хатуу биш бодлоготой холбоотойгоор зорилтот үзүүлэлт болох 4 хувиас доогуур 2,8 хувийн түвшинд байна гэж таамаглаж байгаа аж. Гэхдээ 2019 онд дотоодын эрэлт хэрэгцээ сэргэх үйл явцаас үзүүлэх дэмжлэг, түлшний харьцангүй өндөр үнэ болон үндэсний валютын ханшийн бууралтын нөлөөтэй холбоотойгоор инфляцийн түвшин 5,1 хувьд хүрч өснө гэж шинжээчид урьдчилан таамаглажээ.

ОУВС-гийн шинжээчдийн үзэж байгаагаар, ОХУ “хувийн өмч болон удирдлагын  эрхийг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлд шинэчлэл хийх, дэд бүтцийг бэхжүүлэх, инноваци болон дэд бүтцэд хөрөнгө оруулах” зэргийг эдийн засгийн бодлогын эн тэргүүний чиглэл болгож магадгүй байна. 

Связанные новости