Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн томоохон баг Умардыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-04 14:44:46

ТОКИО. /РИА Новости/. Өмнөд Солонгосын төр засгийн болон нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн томоохон баг 2007 оны Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын 11 жилийн ойг хамтдаа тэмдэглэхээр пүрэв гарагт БНАСАУ-ыг зорьсон байна. Энэ тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлжээ.


Өмнөд Солонгосын үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн, эрх баригч Ардчилсан намын дарга Ли Чэ Чан болон бусад төлөөлөгч бүхий нийт 160 орчим хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг нисэх онгоцоор Пхеньянд хүрэлцэн очжээ. Тэд  2007 онд БНАСАУ-ын удирдагч асан Ким Жөн Ил, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Но Му Хён нарын хооронд гэрээ байгуулсны дурсгалд зориулан зохион байгуулах хамтарсан арга хэмжээнүүдэд оролцоно. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсаны хүү Но Гон Хо мөн төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд оржээ. 


Өмнөдийн төлөөлөгчдийг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүлээн авч уулзах эсэх нь тодорхойгүй байна.

Д.Жаргал

Связанные новости