АНУ-д очих саналаас Скрипаль татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /РИА Новости/. Английн Солсбери хотод хордсон Оросын Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ хурандаа байсан Сергей Скрипаль гэртээ харихгүй бөгөөд чухам хаана амьдрах вэ? гэдэг асуудал үүсээд байгаа боловч тагнуулч асан өөр оронд очихыг хүсэхгүй байгаа аж. Ийм мэдээллийг “Skripal Files” номыг зохиогч, Их Британийн телевиз радиогийн “Би-Би-Си” компанийн сэтгүүлч Марк Урбан өгчээ.
Оросын ТЕГ-ын хурандаа асантай ярилцлага хийсэн материалуудыг ашиглан бичсэн “Skripal Files” ном пүрэв гарагт худалдаанд гарсан байна. Уг номд Скрипалийн Их Британийн талд хийж байсан тагнуулын ажиллагааны тухай, мөн өөрийг нь Оросын тусгай албаныхан хордуулсан гэдэгт итгээгүй талаар дурджээ. Скрипаль өөр орон руу нүүх тухайлбал, АНУ-д очих саналаас татгалзсан тухай Марк Урбан номдоо бичсэн байна.
“Скрипалийг эмнэлэгт хэвтэж байхад Британийн Засгийн газар тэднийг Америк эсвэл англи хэлээр ярьдаг өөр улс руу хувийнх нь мэдээллүүдийг шинэчилж өөр хүний нэрээр явахыг санал болгосон. Гэвч энэ санал Скрипальд таалагдаагүй” гэж уг номд дурджээ.
Их Британийн талд тагнуул хийсэн хэргээр эх орондоо ял сонссон Оросын хурандаа асан Скрипаль болон түүний охиныг гуравдугаар сарын 4-нд Солсберид хордуулсан нь олон улсад шуугиан дагуулсан билээ. Скрипалийг “А234” бодисоор хордуулсан хэрэгт ОХУ холбоотой гэж Лондоны эрх баригчид үзэж байгаа бол Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.
Д.Жаргал