Карабахын асуудлаарх хэлэлцээгээ үргэлжлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАКУ. /ТАСС/. Азербайжаны Гадаад хэргийн
сайд Эльмар Мамедъяров, Армены Гадаад хэргийн
сайд Зограб Мнацаканян нар Карабахын
асуудлыг зохицуулах хэлэлцээг ирэх сард үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай
Азербайжаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба НҮБ-ын Ерөнхий Ассамблейн
чуулганы үеэр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Минскийн
бүлэглэлийг хамтран даргалагчдын зуучлалтайгаар хийсэн хоёр орны Гадаад хэргийн
сайд нарын уулзалтын дараа мэдээлсэн байна.
“Азербайжан болон Армен
улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалт гурван цаг гаруйг үргэлжиллээ. Бүс нутагт
энх тайван, тогтвортой байдлыг бий болгохын тулд мөргөлдөөнийг зохицуулах
асуудалд тодорхой ахиц дэвшилд хүрэх талаар санал бодлоо солилцлоо. Бид
хэлэлцээгээ ирэх сард, тухайлбал, ЕАБХАБ-ын Минскийн бүлэглэлийг хамтран
даргалагчдын айлчлалын хүрээнд үргэлжлүүлэхээр тохиролцлоо” гэж Азербайжаны
Гадаад хэргийн сайд хэлжээ.
Уулын Карабахын өөртөө
засах муж 1988 оны хоёрдугаар сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан
Улсын бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Азербайжан болон Армен улсын
хооронд мөргөлдөөн эхэлсэн юм. 1992-1993 онд болсон зэвсэгт мөргөлдөөнөөр Азербайжан
Уулын Карабахад тогтоосон хяналтаа алджээ. Мөргөлдөөнийг тайван замаар
зохицуулах хэлэлцээг 1992 оноос хойш хийж байгаа юм.
Д.Жаргал