"Эбола"-г энэ онд багтаан бүрэн дарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЖЕНЕВ. /Sputnik/. Африкийн орнууд энэ жилд багтаан “Эбола”-гийн халдварыг бүрэн дарах төлөвтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирлын туслах Брюс Эйлворд өчигдөр мэдэгдэв.
Одоогийн байдлаар Гвиней, Сьерра Леоне хоёр “Эбола”-гийн халдвартай улсын тоонд орж байгаа бол Либери халдварыг дарснаа мэдэгдсэн бөгөөд эрчимт тандалтын 90 хоногийн хугацаанд энэ сарын 3-наас эхлэн орсон байна.
"Дээрх гурван улс “Эбола”-гийн халдварыг энэ онд багтаан бүрэн дарж чадна. Энэ бол бидний зорилт бас боломжтой зүйл юм" гэж Брюс Эйлворд мэдэгдээд, “Эбола”-гийн халдварт хамгийн их өртсөн гурван орны нэг болох Гвинейд өнгөрсөн долоо хоногт халдвар авсан шинэ тохиолдол илрээгүй гэдгийг дурджээ.
“Эбола”-гийн халдвар анх 2013 оны 12 дугаар сард Гвинейн өмнөд нутагт илэрч, улмаар Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегал руу тархсан.
ДЭМБ-ын мэдээлснээр, одоогийн байдлаар “Эбола”-гийн халдвар авсан нийт 28107 хүн бүртгэгдсэний 11302 нь нас барсан байна.
Д.Нямтулга
Комментарии