"Алтайн бахархал" наадам есдэх жилдээ болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-10 16:08:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хийсэн бүтээсэн үйлсээрээ бусдыгаа манлайлж, нутаг орныхоо нэрийг цуурайтуулж буй Алтай нутгийнхаа бахархал болсон эрхмүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалт “Алтайн бахархал” ёслол хүндэтгэлийн наадам есдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд боллоо. 
Энэ удаагийн “Алтайн бахархал-2018” наадмыг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Эрдэнэс алт ресурс” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар ивээн тэтгэж орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.
Хүндэтгэлийн баяр наадмын уламжлалт эрийн гурван наадам буюу хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сурын харваа болсноос гадна "Ардын дуу бүжгийн "Алтай" чуулгын уран бүтээлчдийн тоглолт, "Адуучин" тэмцээн болсон юм. Хүчит бөхийн барилдаанд Чандмань сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар “Хантайшир” дэвжээний бөх Монгол Улсын начин Б.Хишигбаатар, Ц.Бямба-Очир, аймгийн хурц арслан А.Хосбаяр, аймгийн арслан Б.Отгонбаатар, Д.Цэрэндаваа, Ч.Эрдэнэсайхан, аймгийн заан Д.Ганцоож, В.Туяазаяа нарын хүчит 32 бөх хүч бяраа үзсэнээс Бугат сумын харьяат Хилчин спорт хороо Хилийн цэргийн 0208-р тусгай салбар Хантайшир Дэвжээний бөх Монгол Улсын шинэ залуу начин Ц.Бямба-Очир түрүүлж, Чандмань сумын харьяат Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар “Хантайшир” дэвжээний бөх Монгол Улсын начин Б.Хишигбаатар үзүүрлэлээ.
Мөн үеэр эрхэлсэн салбартаа амжилт гарган нутгийн зон олныхоо хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүдийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулсан бөгөөд тив дэлхийд Алтай нутгийнхаа нэрийг цуурайтуулсан Монгол Улсын Гавьяат малчин Г.Ванчиг, Монгол Улсын мэргэн Б.Дашзэвэг, Монгол Улсын начин Ц.Бямба-Очир, самбо бөхийн сурагчийн Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Алтангэрэл, самбо бөхийн Азийн аварга Ч.Мичидмаа, Монгол Улсын Алдарт уяач Т.Ганзориг, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Баттулга нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болов. 
 
Э.Нарангэрэл
 
相关新闻