Онцгой байдлын газрын шинэ барилгын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-10 14:36:37
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын шинэ барилгын нээлт, алба сурталчлах үйл ажиллагаа есдүгээр сарын 09-ний өдөр боллоо.
Уг барилга нь анх 2013 онд шаваа тавьж өдгөө ашиглалтад орж албан ёсоор нээлтийн үйл ажиллагаагаа хийж байгаа билээ. Тус газрын барилга нь 20 автомашины зогсоол, албан тасалгаануудаас гадна зургаан айлын орон сууц, зочид буудал, бялдаржуулах танхим гээд нийт 24х54 харьцаатай 1296 м2 талбай бүхий иж бүрэн цогцолбор юм. Улсын төсвийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилгын гадна талбайн тохижилтыг алба хаагчид өөрсдийн хүчээр бүтээн байгуулжээ.
Барилгын нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Онцгой байдлын ерөнхий газрын Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр,тус аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа А.Алтанбагана, Онцгой байдлын газрын ахмадын төлөөллүүд оролцлоо. Тус үеэр Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тус аймгийн Онцгой байдлын газарт Ковш-150 трактор, 24 айлын орон сууц барих газар олгохоор шийдвэрлэсэн юм. 
 
Э.Нарангэрэл
 
相关新闻