УДЭТ-ын Баянхонгор дахь аялан тоглолтод 50 шахам уран бүтээлч оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хотноо УДЭТ-ын "Театрын өдрүүд" аялан тоглолт энэ сарын 12-14-нд болох талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус театрын менежментийн багийнхан энэ сарын тавнаас эхлэн Баянхонгорт ажиллаж, тоглолтын танилцуулга, уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна. Өнөөдөр тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийнхэнд өглөө.
Хэвлэлийн хуралд Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Сувд, Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын менежментийн баг оролцов. Тэд өчигдөр Хүүхдийн Тэмүжин театрт ЕБС-ийн сурагчдад УДЭТ-ын "Бахархан дуурайх хүмүүн" соён гэгээрүүлэх уулзалт, ярилцлага, хэд хэдэн сургуульд мөн арга хэмжээг зохион байгуулсан талаарх мэдээллээр ярилцлагаа эхэлсэн юм.
УДЭТ-ын хамт олон 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр Баянхонгорт аймагт аялан тоглолтоо хийх бөгөөд "Театрын өдрүүд"-ийн албан ёсны нээлт есдүгээр сарын 12-ны 18:00 цагт Баганат талбайд болох юм байна.
Ууган театрын уран бүтээлчдийн энэ удаагийн аялан тоглолтын хөтөлбөрт Э.Оюуны зохиол, Н.Наранбаатрын найруулга “Би эндээс явахгүй" драмын жүжиг, СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг, Рей Куни, Ж.Чэпмен “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг, С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжгүүдийг тус тус толилуулах аж. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон манай театрын шилдэг жүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох гэнэ.
Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй соёлын урлагийн бодлогын хүрээнд УДЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21 аймгийн ЗДТГ, театр чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж эхэлжээ. Дээрх уран бүтээлүүдээ толилуулахаас гадна төв хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцохын зэрэгцээ орон нутгийн театрын уран бүтээлчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах, тухайн аймгаас төрөн гарсан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, тэдний бүтээл туурвилийг таниулан сурталчилж, нутгийн зон олонтой нь уулзан золгуулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж ирсэн байна.
Энэ удаагийн аялан тоглолтын үйл ажиллагааг Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ЗДТГазар, аймгийн Хөгжимт драмын театр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар дэмжин хамтран ажиллаж байгаа аж.
БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЯЛАН ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР
Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт Драмын Театрт:
9 ДҮГЭЭР САРЫН 12-НД
11:00 цагт С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
15:00 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг
18:00 цагт Аялан тоглолтын нээлт / “Баганат” аймгийн төв талбайд/
19:00 цагт Э.Оюун “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг /Нээлт/
21:00 цагт Э.Оюун “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
9 ДҮГЭЭР САРЫН 13-НД
11:00 цагт С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
13:00 цагт С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
15:00 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг
19:00 цагт Э.Оюун “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг
9 ДҮГЭЭР САРЫН 14-НД
12:00 цагт С.Михалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг
19:00 цагт Рей Куни, Ж.Чепмэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг
21:00 цагт Рей Куни, Ж.Чепмэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг
Б.Мөнхзул