БНХАУ-ын шилдэг 10 киног Монголчуудад толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-05 09:20:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хятад орныг танин мэдэх” БНХАУ-ын ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд “Хятадын кино өдрүүд” арга хэмжээ өчигдөр буюу энэ сарын 04-нд Тэнгис кино театрт нээлтээ хийлээ.
 
БСШУСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний хүрээнд БНХАУ-ын аж амьдрал, ахуй соёлын онцлогийг харуулсан 10 киног Тэнгис, Юнрев, ICINEMA болон Өргөө, Гэгээнтэн кино театрт үзэгчдийн хүртээл болгох аж.  Эдгээр кино нь нээлтээ хийсэн даруйдаа 100 сая юаниас дээш орлого олсон шилдэг бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Нээлтийн үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Кино групп”-ын орлогч ерөнхий захирал Зан Жи Жун, “Кино урлаг бол тухайн үндэсний зан заншил, амьдрал ахуйн онцлогийг агуулж байдаг. Тиймдээ ч энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар манай хоёр орны иргэд илүү ойр дотно нөхөрлөж, нэг нэгнээ харилцан танин мэдэх боломж бүрдэх юм. Бидний авч ирсэн шилдэг бүтээлүүд Монголын ард түмний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын шилдэг кинонуудыг Өвөр Монголын ард түмэнд үзүүлэх хүсэлтэй байгаа. Монголын уран бүтээлчид ч энэхүү хүсэлтийг минь хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
“Хятадын кино өдрүүд”-ийн нээлтийн ёслолд Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Кино групп”-ын орлогч ерөнхий захирал Зан Жи Жун, БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь БНХАУ-ын Соёлын төвийн эрхлэгч Ли Вэй болон Монголын урлаг соёлын алдартнууд оролцлоо.
 
Кино өдрүүдийн хүрээнд өчигдөр буюу энэ сарын 04-нд дээрх 5 кино театраар дамжуулан “Их Шанхай” болон “Бээжин Сиэтлийн хайр” кино монголын үзэгчдэд хүрсэн. Харин өнөөдөр “Тансан ламын үлгэр”, “Надтай гэрлээч”, маргааш буюу энэ сарын 06-нд “Багштан”, “Их хотын хайр” киног толилуулах аж. Энэ сарын 07-нд “Шулам дарсан үлгэр”, “Хайр нэхсэн зүүд”, 08-нд “Шидэт бийрт хүү”, “Хүн загас” киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд
相关新闻