Ж.Уранчимэгийн нэрэмжит волейболын нээлттэй тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт волейболын спортыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн хүч хөдөлмөр, эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан яваа олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын шүүгч, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Ж.Уранчимэгийн нэрэмжит "Волейболын нээлттэй тэмцээн" энэ сарын 28-30-ны өдрүүдэд Алтай хотноо болно.
Тэмцээнийг Говь-Алтай аймгийн ИТХ, Засаг дарга түүний Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын волейболын холбоо болон тус аймаг дахь салбар зөвлөл, Ж.Уранчимэг багшийн шавь нар хамтран зохион байгуулж буй ажээ.
Тэмцээнд Говь-Алтай аймгийн сумдын багууд, Ж.Уранчимэг багшийн үе үеийн шавь нарын багууд, байгууллага, аж ахуйн нэгж, баруун бүсийн шигшээ багууд нээлттэй оролцохоороо онцлогтой болох юм.
Ж.Уранчимэг нь 1990-ээд онд Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд сургуульд суралцаж байхдаа тус аймгийн шигшээ багийн гишүүн болж, 1993 оноос тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Т.Дэмид гуайн саналаар Волейболын дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн гэдэг. Түүнээс хойш тус аймагт волейболын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй юм.
Э.Нарангэрэл