Баян-Өлгийн МСҮТ хүнд машин, механизмын операторчин бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь энэ жилээс эхлэн хүнд машин, механизмын операторчин, хүлэмжийн аж ахуйн фермерийн ангийг шинээр нээж мэргэжилтэн бэлтгэхээр болсон байна.
Энэ талаар тус төвийн захирал И.Жанболат өнөөдөр болсон хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээний үеэр мэдэгдлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: "Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн шаардлагаар шинээр хоёр анги нээж байна. Хүнд машин механизмын операторчины анги нь 12 дугаар анги төгссөн хүүхдүүдийг элсүүлдэг мэргэжлийн сургалт байгаа. Мөн манай аймгийн ард ихэнх иргэд сүүлийн жилүүдэд хашаандаа ногоо тарьдаг болж, хүлэмжийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр шийдвэрлэсэн" хэмээлээ.
Дээрх мэргэжлээр элссэн хүүхдүүд нэг жил суралцаж мэргэжлийн дипломтой төгсөх юм. Одоогоор элсэлтийн ажил 75 хувьтай явагдаж байгаа аж.
Аймгийн Мэргэжлийн сургалтын төв нь өнгөрсөн өнгөрсөн хичээлийн жилд 409 мэргэжилтэн бэлтгэж гаргасан бөгөөд тэдний 60 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан гэсэн тооцоо гарсан байна.
Ө.Нурболат