"Эрдэм" сургууль ирэх онд урлагийн танхимтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-01 17:27:46

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудаас хамгийн отгон нь болох "Эрдэм" ахлах сургууль ес дэх хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 110 багш ажилчинтай, 35 бүлгийн 1425 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Нийт сурагчдын 126 нь шинээр элссэн нэгдүгээр ангийн сурагчид бөгөөд дөрвөн бүлэгт хуваагдан, хичээл сургалтын үйл ажиллагаандаа шамдах юм.

Тус сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохдоо аймгийн Засаг дарга Г.Батжаргал, "Урлагаар дамжуулан гоозүйн боловсрол олгох сургалтын орчин бүрдүүлэхийн тулд тус сургуулийг ирэх жил Урлагийн заалтай болгоно. Мөн биеийн тамирын заалны цементэн шалыг солиход 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлье" гэдгээ хэлэв. Мөн аймгийн төвийн бүх сургуулиудаас шилэн кабельд холбогдож чадаагүй үлдсэн тус сургуулийг шилэн кабельд холбуулах, ирэх жил 10 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулийн гадна талбайг хөл бөмбөгийн дэвжээ бүхий спорт тоглоомын талбайтай болгож, бэлэг барихаа дуулгасан юм. Мөн, "Та бүхэн хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлээр ажиллаж, сургалтын агуулга, чанар дээрээ ахиц дэвшил гаргахад дор бүрнээ хичээнгүйлэн анхаарч ажиллаарай" хэмээн захиж байлаа.

相关新闻