“Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-08-31 20:35:45
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар нь 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээг наймдугаар сарын 31-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд тус газраас 16 ажлын хэсэг гарган ЕБС, цэцэрлэгийн багш, сурагчид, эцэг, эхчүүдэд Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас мэдээлэл хийх, хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, санамж, сэрэмжлүүлэг хүргэсэн байна. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүйгээр хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай эцэг эхчүүдэд таниулан, сургууль, цэцэрлэгийн ойр орчмын замын уулзвар, гарц бүхий газруудад хичээл эхлэх болон, тарах үеэр хүүхдийг замын хөдөлгөөнд оролцоход явган хүний зам /гарц/-аар гарч явах дадал хэвшилтэй болгох зэрэг ажлуудыг хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.
Түүнчлэн тус аймаг дахь Цагдаагийн газраас арга хэмжээнийхээ хүрээнд хүүхдийн эрхийг ханган хамгаалах, нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдэд хичээлийн хэрэгслийг бэлтгэн өгөх өдөрлөг зохион байгуулж  Есөнбулаг  сумын Баяншанд багийн зорилтот өрхийн М.Алтан-Очир, Б.Бадрал, Б.Үүрцайх нарт цүнх, хичээлийн хэрэгслийг бэлтгэн өгсөн ажээ.
2018-2019 оны хичээлийн жилд тус аймгийн Ерөнхий боловсролын 29 сургуулийн нэгдүгээр ангид 1300 орчим хүүхэд элсэн суралцаж байна.
 
Э.Нарангэрэл


 
 
相关新闻